Цаг үеийн мэдээ

100 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР ОРОН НУТАГТ БЭЛТГЭГДСЭН МАХЫГ ХУДАЛДАЖ АВЧ ЗАХ ЗЭЭЛД НИЙЛҮҮЛНЭ

Засгийн газрын шийдвэрийн талаар мэдээлэв. Энэ талаар Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.

Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотой Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ. Өнөөдрийн байдлаар арав гаруй аймгийн 90 гаруй сум цагаан зудтай байна. Цаашдаа ч хүндрэх эрсдэлт нөхцөл байдаал үүсээд байна. Хүнс хөдөө аж ахуйн салбараас гадна, эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах, эрчим хүч дулааны эх үүсвэрийн найдвартай үйл ажиллагааг хангах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх гээд өвөлжилттэй холбоотой салбар хоорондын уялдаа холбоог хангаж ажиллах, хүн амын эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, сүүлийн үед дэгдэж тархаад байгаа ханиад томууны асуудалтай холбоотой эрүүл мэндийн салбарын эмчилгээ оношилгоог ард иргэдэд түргэн шуурхай хүргэх, эмнэлгийн ачааллыг тэнцвэржүүлэх, эрсдэлээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой асуудлуудаар ерөнхий сайд Засгийн газраас өнөөдөр үүрэг даалгавар өгч тодорхой ажлын чиглэл өгч байна. 

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт хүнс хөдөө аж ахуйн салбарт малчдын бойлж нөөцөлсөн мах махан бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэх, малчдын орлогыг нэмэгдүүлэх, махны чанар стандартыг хангасан үнэ өртөг зохих ёсны зах зээлийн зохицуулалттайгаар өндөр бус үнээр дотоодын хэрэгцээнд нийлүүлэгдэх экспортыг хангах хэмжээнд зохион байгуулагдах зарим арга хэмжээг зохион байгуулсан. Энэ хүрээнд 100 тэрбум төгрөгөөр орон нутагт бэлтгэгдсэн махыг худалдаж авч зах зээлд нийлүүлэх тал дээр мах, мах боловсруулах үйлдвэрүүдийн үйл ажиллагааг дэмжих чиглэлээр шийдвэрлэсэн. Энэ ажлыг цааш орон нутгийн хэмжээнд явуулын маягаар ХХААЯ-ны шугамаар зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг туслалцааг холбогдох байгууллагууд аж ахуйн нэгжүүдэд үзүүлэх замаар малчдын гар дээр байгаа мал, махыг худалдан авах ажиллагааг эрчимжүүлнэ. 

Хоёрдугаарт, тэжээл өвсний хомсдол бий болж байна. Цас зуд хүндэрч байгаа нөхцөл байдлаас үүдээд малчид төв суурин болон бусад газар руу зорчиход хязгаарлагдмал болсон. Зам харгуй дарагдсан. Өвс тэжээлээ татаж авах боломж хомс. Дээрээс нь нийлүүлэлт хангалтгүй байгаа учраас тэжээлийн экспортыг өнгөрсөн аравдугаар сараас эхлээд экспортлох ажиллагаа зогсоогүй байсан. Харин арванхоёрдугаар сарын дундуур шийдвэр гарч ирэх оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл зогсоосон. Тодорхой хэмжээнд дотоодын хэрэгцээг хангах зорилгоор ийм шийдвэр гаргаж байна. 

Гуравдугаарт, тэжээлийн үйлдвэрүүдтэй хамтарч малчдад аймаг орон нутагт нь ямар нэгэн дамжлагагүй үнэ өртгөөр тэжээлийг хангах нийлүүлэх ажил дээр анхаарна. Цаг үеийн нөхцөл байдлыг УОК дээр ярьж шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Өнөөдрийн байдлаар УОК-ийн шуурхай штаб бүрэн бүрэлдээхүүнээрээ ажиллаж байгаа. Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан бүх салбарын уялдаа холбоог хангах шуурхай штаб байнгын үйл ажиллагаатай ажиллаж байна. 

ШИНЭЭР ТӨРСӨН БОЛОН ШИНЭЭР МОНГОЛ УЛСЫН ИРГЭН БОЛСОН ИРГЭДИЙГ ШУУД ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ БОЛГОНО

ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшихтэй холбоотой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өгөв.

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж 40 орчим асуудлыг шийдсэн. ЭТТ ХК-ийн хувьцаа эзэмшигчдийг бүртгэх УИХ-ын тогтоолын төслийг нэн яаралтай журмаар хэлэлцэж өгнө үү хэмээн УИХ-д өргөн барихаар болж байна. Тухайлбал, 2010 оны долдугаар сарын 7-нд гарсан УИХ-ын 39 дүгээр тогтоолоор ЭТТ ХК-ийн нийт хувьцааны 50 хувийг иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх, ингэхдээ эхлээд 20 хувийг иргэдэд, 10 хувийг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр аж ахуйн нэгжүүдэд хувьцаа эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг.  Үүний дараа 2012 онд ЭТТ компанийн хувьцааг эзэмшихтэй холбоотой УИХ-ын тогтоол гарсан. Үүнийг Засгийн газар хэрэгжүүлж, 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс өмнө төрсөн Монгол Улсын иргэдэд 20 хувийн хувьцаа эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, хэрэгжүүлж өнөөдрийг хүртэл явж иржээ. Энэ оны нэгдүгээр сарын 8-ны өдөр УИХ-аар батлагдсан Засгийн газарт үүрэг чиглэл болгосон тогтоол гарсан. Тухайн тогтоолд 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн Монгол Улсын иргэдэд ЭТТ ХК-ийн хувьцааг эзэмшүүлэх үүрэг чиглэлийг Засгийн газарт өгсөн. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалтыг хэрэгжүүлж иргэн бүр байгалийн баялгаас тэгш хүртэх боломж нөхцөлийг хангах ёстой гэсэн ийм чиглэлүүдийг өгсөн. Өнөөдрийн Засгийн газраас УИХ-д өргөн барихаар болж байгаа тогтоолын төсөл нь нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн 34 хувийг монголын нийт ард иргэд бүрэн эзэмших шийдвэрийг гаргалаа. Нэг ёсондоо өнөөдөр Монгол Улсын 2.5 сая орчим иргэн 18.04 хувийнх нь хувьцааг эзэмшиж байгаа бол 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрөөс хойш төрсөн, мөн Монгол Улсын иргэн харьяат болсон иргэддээ хувьцаа эзэмшлийн асуудлыг жигд хүртээх шийдвэр гаргахаар тогтоолын төслийг өргөн барилаа. Уг тогтоолд гурван зүйл агуулагдаж байгаа. 

Нэгдүгээрт, ЭТТ ХК-ийн 34 хувийг нийтээрээ эзэмших, 

Хоёрдугаарт, ЭТТ ХК-ийн хувьцаа нь цаашдаа шинээр төрсөн болон шинээр Монгол Улсын иргэн болсон иргэдийг шууд хувьцаа эзэмшигч болгох тогтолцоог Улсын бүртгэлийн газартай хамтран бий болгох асуудлыг шийднэ.

Гуравдугаарт, энэ хувьцаа өөрөө өвлөгддөггүй. Хөрөнгийн бирж дээр гардаггүй, хоёр дахь зах зээлд гардаггүй учраас Монгол Улсын иргэн харьяатаас хасагдсан болон нас барсан тохиолдолд хувьцаа эзэмшигчээс хасагдаж байх зохицуулалтыг хийнэ. 

Тухайн үед нэрлэсэн ханш буюу нэгж хувьцааг 933 төгрөгөөр тооцон хувьцаагаа зарсан иргэд 2028 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд тухайн зарсан хувьцааныхаа тоог зарсан үнээрээ үржүүлж, буцааж хувьцаагаа худалдаж авах боломжийг бүрдүүлнэ. 2022 онд ЭТТ ХК нийт 1.6 их наяд орчим төгрөгийн ашигтай ажилласан. 2023 оны жилийн эцсийн тайлан гараагүй байна. Тэгэхээр жилийн эцсийн ашигтай ажиллагаагаар иргэд ногдол ашгаа хангалттай хэмжээнд авдаг болох боломжийг Засгийн газар нээж байна. УИХ-аар энэ тогтоол батлагдсан тохиолдолд Засгийн газраас 2022, 2023 онуудын нийт ашиг хэд байгаа юм. Түүнээс иргэдэд ногдох 34 хувь нь хэд байх юм бэ гэдэг асуудлыг ярилцаж, ард иргэдэд ногдол ашиг хэдэн төгрөгийг олгох вэ гэдэг шийдвэр гаргах процесс эхэлнэ гэдгийг та бүхэндээ хэлье. 

Дараагийн асуудал нэгэнт иргэд энэ компанийн 34 хувийг эзэмшиж байгаа юм бол 34 хувийг удирдах ТУЗ-ийн гишүүдийг хувьцаа эзэмшигчдийн дунд нээлттэй цахим хэлбэрээр, тодорхой журам шаардлагыг хангах зохицуулалттайгаар сонгодог байх тогтолцоог бий болгоё гэж зорьж байна. Өнөөдрийн байдлаар нэг иргэнд ногдох хувьцаа 1200-1300 болж нэмэгдэх боломж бүрдсэн байгаа юм.   

С.ОТГОНБАЯР

 

Таны сурталчилгаа