Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2023.12.20/ хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс эхлэхээр товлон зарлахаар, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 28-ны өдөр байхаар,  тогтоосугай, Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар гадаад улсад байгаа иргэдээс санал авах өдрийг 2024 оны 6 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүд байхаар тогтоохоор тогтоолын төсөлд тусгажээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.

УИХ-ын гишүүд УИХ-ын сонгуулийг 06 дугаар сарын 28-ны баасан гарагт биш 26-ны Лхагва гарагт явуулбал зохистой гэсэн саналаа илэрхийлээд, гадаад байгаа иргэдийн санал өгөх өдрүүдийг иргэд өөр хот, мужаас ирж саналаа өгөхийг бодолцох, амралтын өдрүүдээр санал өгөх боломжийг олгох нь зүйтэй хэмээсэн. Мөн саналын хуудаст өмнөхөөс олон нэр бичигдэх болохоор иргэд хугацаандаа багтан сонгууль өгч амжихгүй байж мэдэх учир санал авах өдрийг ургасгах боломжтой эсэх, сонгуулийн санал авах машин тэрхүү саналын хуудсыг унших боломжтой эсэх талаар асууж, саналаа илэрхийлсэн.  

Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, гадаадад байгаа иргэдээс санал авах өдрийг 06 дугаар сарын 20, 21, 22, 23-ны өдрүүдэд буюу пүрэв гарагт эхлээд даваа гарагт хуульд заасны дагуу дөрвөн өдөр үргэжлээд дуусахаар, УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдрийг 06 дугаар сарын 26-ны өдөр байхаар тооцож санал өгсөн хэмээн хариулсан. 06 дугаар сарын 26-ны лхагва гараг гэж тооцсоны учир нь баасан гарагт сонгуулийн санал авахаар бүх нийтийн амралтын өдөр болговол сонгуулийн санал өгөх өдрийг аялал зугаалгын өдөр болгох вий гэж болгоомжилсных хэмээн тодотгосон.

Санал авах хуудаст олон нэр бичигдэх тул сонгогчид саналаа өгөхдөө ойлгохгүй байх зэрэг хүндрэл үүсэх ийм магадлалтай. Тийм учраас саналаа хэрхэн өгөх арга, зөвлөмжүүдийг өгөх ажлыг сайн зохион байгуулна гэж СЕХ-ны дарга нэмж хариулаад, санал тоолох техникийн хувьд асуудалгүй, бүгд бэлэн болсон хэмээсэн. Иргэдийн санал өгөх хугацаа бага зэрэг уртасна гэж тооцоод олон сонгогчидтой хэсгүүдийн хороодод хоёр төхөөрөмжийг зэрэг тавьж ажиллуулна гэж тооцож байгаа гэлээ.

Эцэст нь тогтоолын төслийг дэмжье гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Дараа нь “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв.

Сонгуулийн автоматжуулсан системийн тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох, дүн гаргах үйл ажиллагаанд "New Image Cast" санал тоолох төхөөрөмжийг хэрэглэхийг зөвшөөрөхөөр тогтоолын төсөлд тусгажээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлсэн. УИХ-ын гишүүд сонгуулийн санал хураалтын хяналтын тооллогын талаар, санал авах төхөөрөмжийн програм хангамжийн аюулгүй байдлыг хэрхэн хангах тухай болон саналын хуудаст намуудын нэрсийг ямар дарааллаар бичихийг тодруулж байлаа.

СЕХ-ны дарга, гишүүдийн хариулснаар, Санал тоолох төхөөрөмжийн программ хангамжийн хяналтыг хийдэг ажлын хэсэгт нь тагнуул, цагдаагийн байгууллагуудаас хүмүүс оролцохоос гадна тоног төхөөрөмжүүд тусгай хамгаалалтад байдаг аж. Сонгуулийн өмнө, дараа нь тагнуул, цагдаа, мэргэжлийн байгууллагууд хяналт тавьж, ялангуяа сонгуулийн өмнө туршилт хийн гадна дотны нөлөө байна уу гэдгийг шалгаж баталгаажуулдаг журамтай гэлээ.

Мөн өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар намын нэрийг Улсын Дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар, хэрвээ эвсэл болж орох бол эвсэлд байгаа намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллыг харгалзаж саналын хуудас дээрээ бичнэ гэсэн зохицуулалтаар явна хэмээсэн.

УИХ-ын гишүүд асууж, үг хэсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр тогтоолын төслийг дэмжлээ.

Мөн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар Байнгын хорооны дарга танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасны дагуу Улсын Их Хурал ээлжит сонгуулийн жилийн 02 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө сонгуулийн тойрог байгуулах бөгөөд ийнхүү тойрог байгуулахдаа тойрогт ногдох мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоохоор заасны дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооноос “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Их Хурал 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оруулсан өөрчлөлтөд нийцүүлж Монгол Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдөр баталсан.

Уг өөрчлөлтийн дагуу Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Улсын Их Хурлын сонгуулийг сонгуулийн холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно. Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Улсын Их Хурлын 78 гишүүнийг энэ хуульд заасны дагуу байгуулагдсан сонгуулийн тойргоос олныг төлөөлөх /мажоритар/ аргаар, Улсын Их Хурлын 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх /пропорционал/ аргаар сонгоно.” гэж тус тус заасан.

Сонгуулийн тойргийг байгуулахдаа бүсчилсэн хөгжлийн зорилт, аймаг, дүүргийн хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарь, газар нутгийн хэмжээ, байршил, Улсын Их Хуралд суудалтай болон улс төрийн бусад намуудтай зөвшилцсөн байдал, сонгуулийн тойрогт хамаарах засаг захиргааны нэгж нь нутаг дэвсгэрийн хувьд нэгдмэл, хилийн цэсийн хувьд зэргэлдээ байх зэрэг хуулийн зохицуулалтыг харгалзан, түүнчлэн Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаарх улсын хэмжээний хүн ам, сонгуулийн насны иргэдийн тоог аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг хороогоор нэгтгэж ирүүлснийг үндэслэн “Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

Тогтоолын төсөлд Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар тусгажээ. 

Үүнд:

·      Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;

·      Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;

·      Баян-Өлгий аймаг 3-р тойрог;

·      Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;

·      Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;

·      Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;

·      Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;

·      Баянзүрх дүүрэг 8-р тойрог;

·      Баянгол дүүрэг 9-р тойрог;

·      Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;

·      Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;

·      Хан-Уул дүүрэг 12-р тойрог;

·      Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог байхаар тооцсон байна.

2019, 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтүүдийн үзэл, баримтлалыг нэг мөр хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах бодит суурийг тавих, хэт төвлөрлийг бууруулах, эдийн засгийн нөөц боломжийг дунд, урт хугацааны хөгжлийн зорилтуудтай уялдуулан зохистой хуваарилж ашиглах, хөгжлийн томоохон төвүүдийг бий болгож улмаар улс орны эдийн засгийн бие даасан чадавх,  ард түмний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлын баталгааг дээшлүүлэх зорилтыг үндэслэл болгосон гэдгийг хуралдаан даргалагч тодотгосон.

Байнгын хорооны хуралдаанаар тогтоолын төслийг хэлэлцүүлэх үед УИХ-ын гишүүн Г.Занданшатар Сонгуулийн ерөнхий хорооноос иргэдийн улс төрийн оролцоо, сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх талаар ямар арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа талаар, УИХ-ын гишүүн Ж.Батсуурь сонгуулийн тойргийн төвийг хэрхэн тогтоосон, санал тоолох төхөөрөмжөөс хүчингүй саналын хуудас гарах эсэх талаар, УИХ-ын гишүүн Т.Доржханд Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулахдаа нийслэлийг нэг тойрог болгох боломжийн талаар тус тус асуулт асууж, хариулт авав.

Мөн УИХ-ын гишүүн Г.Занданшатар Улсын Их Хурлын сонгуулийн тойргийг бүсчлэх байдлаар тогтоох нь бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын зорилго, зорилтыг хангах, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг амилуулах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн нутаг дэвсгэрийн тэнцвэргүй байдлыг бууруулах, бүсчилсэн хөгжлийг бэхжүүлэх ач холбогдолтойг дурдаад, Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар Монгол Улс төрийн байгууламжийн хувьд нэгдмэл бөгөөд сонгуулийн 3 дугаар тойрог буюу Баян-Өлгий аймаг нь тусдаа хөгжлийн бүс биш баруун бүсийн бүрэлдэхүүн хэсэг, дангаар тойрог болгон хуваарилсан нь үндэсний цөөнхийн сонгох, сонгогдох эрхийг хүндэтгэж буйн илэрхийлэл хэмээсэн. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь Улсын Их Хурлын ээлжит сонгуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэд санал өгөх боломжийг бүрэн хангахад Сонгуулийн ерөнхий хороо анхаарч ажиллах нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Т.Доржханд парламентын ардчиллыг бэхжүүлэх, улс төрийн намуудыг төлөвшүүлэх, аль нэг намын биш улс орны нийтлэг эрх ашгийг хангахын тулд сонгуулийн тойргийг томсгож Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулах зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн С.Амарсайхан тойргийг бүсчилсэн хэлбэрээр тогтоох нь зүйтэй бөгөөд нийслэлийн Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэж сонгуулийн нэг тойрог болгож байгаа нь бүс нутгийн онцлогтой эдийн засгийг хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх ач холбогдолтой хэмээн саналаа илэрхийлсэн.

“Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах нь зүйтэй гэсэн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх олонх дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа