Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газар хоорондын Санхүүгийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хоёр хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүлэв.
Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас 2019 онд авсан 58 сая еврогийн зээлийн хөрөнгөөр “Онцгой байдлын байгууллагад агаараас аврах нэгж байгуулах, нисдэг тэрэг, гал унтраах тусгай зориулалтын автомашин нийлүүлэх төсөл”-ийг хэрэгжүүлж байна.
Монгол Улсад оруулсан хувь нэмэр, нийгмийн үр өгөөжийг өндрөөр үнэлж, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нь Монгол Улсад 2023 оны 05 дугаар сард хийсэн айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч нарын Хамтарсан тунхаглалд дээрх төслийг үргэлжлүүлэн, төслийн II шатыг эхлүүлэхээр тогтсон аж.
"Онцгой байдлын ерөнхий газрын агаараас аврах ангид нэмэлт сургалт явуулах төсөл”-ийн тухай
Төслийн I шатны хүрээнд 4 нисдэг тэрэг худалдан авч, нисдэг тэрэгний дэд бүтцийг байгуулж, нисгэгч, инженерүүдийг сургалтад хамруулсан бөгөөд 2023 оны 9 дүгээр сарын байдлаар 85 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэж, ослын улмаас бэртэж гэмтсэн, газраар тээвэрлэх боломжгүй нөхцөлд байсан 122 хүний амь насыг аварч, анхан шатны тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэн, дараагийн шатны эмнэлгийн байгууллагад цаг алдалгүй хүлээлгэн өгсөн.
Төслийн II шатыг Онцгой байдлын ерөнхий газар гурван жилийн /2023-2026/ хугацаатай хэрэгжүүлэх ба Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгох 24.7 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Төслийн хүрээнд засвар үйлчилгээ /нисдэг тэрэгний тоног төхөөрөмж/, программ хангамж, сургалтад хамруулах зэрэг ажлууд багтсан юм байна.
“Онцгой байдлын ерөнхий газарт гал унтраах тусгай зориулалтын машин нийлүүлэх төсөл”-ийн тухай
Төслийн I шатны хүрээнд тусгай тоноглол бүхий 42 гал унтраах автомашиныг нийслэл болон орон нутгийн Онцгой байдлын ерөнхий газрын харьяа гал түймэр унтраах ангиудад хүлээлгэн өгч, онцгой байдлын байгууллагын албан хаагчдыг сургалтад хамруулан, 2235 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэн, 853 хүний амь нас, аюулгүй байдлыг хангаж ажилласнаас гадна 216.8 тэрбум төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг эвдэрч сүйдэхээс сэргийлэх үүрэг гүйцэтгэсэн хэмээн танилцуулав.
Төслийн II шатыг Онцгой байдлын ерөнхий газар гурван жилийн /2023-2026/ хугацаатай хэрэгжүүлэх ба Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газраас олгох 13.3 сая еврогийн зээл нь жилийн 0.282 хувийн хүүтэй, 5 жил үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, 15 жилийн хугацаанд зээлийн эргэн төлөлтийг хийх нөхцөлтэй. Төслийн хүрээнд хөөсөөр гал түймэр унтраах автомашин /3ш/, хөөс үүсгэгч бодис, автомеханик шатны автомашин /32м – 10ш, 42м – 5ш/ тус тус худалдан авахаар төлөвлөжээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.
Баяр
2023-12-21
Сайхан попрох юмаа ажилаа хийхгүй юмаа нээрээ яанадаа дарга нар минь нэг л өдөр та нарын тарьж байгаа гай эргээд ороод ирлээ дээ тог байхгүй шатахуун байхгүй зам түгжирэл утаа болж байгаа юм ганц алга даа яана даа