Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа.
ШУНХЛАЙ, ТЭС ПЕТРОЛИУМ, ПЕТРОВИС, СОД МОНГОЛ, МОНСУЛЬ, ГАЗ ОЙЛ, СИНЧИ ОЙЛ ГЭСЭН 7 КОМПАНИАР АИ-92 ЗАРАГДАНА
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар: 133.500 тн түлш захиалагдсан. Үүний 115.921 тн нь арванхоёрдугаар сарын 26-ны өдөр гаалийн бүрдүүлэлт хийгээд, импортлогдоод буусан. БНХАУ болоод ОХУ-ын нутаг дэвсгэр дээр явж байгаа нийт тоог харахад нэмээд 14580 тн буюу нийт хэрэглээнээс бараг 25 мянган тн илүү түлш арванхоёрдугаар сард орж ирэхээр байна. Түлшний хувьд үнэ өсөх магадлал бий гэсэн эргэлзээ ард иргэдийн дунд байгаа. Үнэ өсөхгүй гэдгийг би хэлье. Дизелийн хувьд 855 ам.доллараар ОХУ нийлүүлж байсан бол нэгдүгээр сард 805 ам.доллараар нийлүүлэхээр үнэ өгсөн. БНХАУ-аас нийлүүлж байгаа евро-5 өвлийн шатахууныг 1080 ам.доллараар нийлүүлж байсан бол 1030 ам.доллараар нийлүүлэхээр үнэ өгчээ. Тэгэхээр нэгдүгээр сард 36600 тн түлшийг БНХАУ-аас импортлоно. Дизель түлшний хувьд тодорхой хэмжээнд хомсдолд орж байсан. Энэхүү төлөлтийн үр дүнд хомсдол багасах нь ээ. Нэмэлт мэдээлэл өгөхөд Улаанбаатар хотод АИ-92-ын хомсдол үүсээд удсан. Өнөөдөр Шунхлай, Тэс Петролиум, Петровис, Сод Монгол, Монсуль, Газ ойл, Синчи ойл гэсэн долоон компанийн 200 гаруй колонкоор АИ-92 зарагдаж байгаа. Амралтын өдрүүдээр эдгээр колонкуудаас түлшээ авахыг хүсье.
ХӨГЖЛИЙН БАНК ӨӨРИЙН ЭХ ҮҮСВЭРЭЭРЭЭ 500 САЯ АМ.ДОЛЛАРЫН ЕВРО БОНД, 30 ТЭРБУМ ИЕНИЙ САМУРАЙ БОНДЫН ЭРГЭН ТӨЛӨЛТИЙГ ХИЙСЭН
Сангийн сайд Б.Жавхлан: Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд эрх зүйн өөрчлөлтийн нэлээд зүйлүүд, шинэ хуулиуд болон хуучин хуулиуд дээр нэлээд өөрчлөлт оруулахаар УИХ-аар батлуулсан. Тэр хүрээнд төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг цоо шинээр Засгийн газраас бэлтгэж УИХ-аар батлуулсан. Төр хувийн хэвшлийн тухай шинэ хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс үйлчилж эхэлнэ. Шинэ хууль үйлчилж эхлэхтэй холбогдуулан Засгийн газраас бэлтгэл ажлын хүрээнд 11 журам батлуулах ёстой. Үүнээс ЭЗХЯ хариуцаад есөн журмаа батлуулсан. Өнөөдөр үлдсэн хоёр журмыг Сангийн яамнаас Засгийн газарт танилцуулж, батлууллаа. Ингэснээр маш том эдийн засгийн харилцаа үүсч байгаа. Хувийн хэвшлийнхэнд маш том боломж гарч ирж байгаа. Маш том зах зээл бий болж байна. Мөн хуулийг амжилттай хэрэгжүүлснээр төсөв ч гэсэн өөр дээрээсээ нэлээд ачааг бууруулах боломж гарч ирж буй юм. Мөн Хөгжлийн банкнаас сүүлийн бараг 2 жил авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд чанаргүй зээл нэлээд буурч, Хөгжлийн банк дан өөрийн эх үүсвэрээрээ намар төлөгдөх байсан 500 сая ам.долларын Евро бонд, 30 тэрбум иений Самурай бондын эргэн төлөлтийг амжилттай хийсэн.
2024 ОНЫГ БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАЛАА
Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар: Монгол Улсын Засгийн газар ирж буй 2024 оныг бүсчилсэн хөгжлийг дэмжих жил болгон зарлаж байгаа тухай шийдвэрийг эцэслэн гаргалаа. 2001 онд УИХ-аар баталсан бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалаас хойш 22 жил өнгөрсөн байна. Монгол Улсыг бүсчилсэн хөгжлөөр явуулбал илүү хурдацтай хөгжих юм байна. Монгол Улсын өөрийн хүний нөөц, мөнгөний нөөц нь хязгаарлагдмал. Ийм нөхцөл байдалд бүсчилсэн хэлбэрээр хөгжих нь улсын хөгжлийг хурдасгах боломжтой гэж үзэн өнөөдрийн шийдвэрийг Засгийн газар гаргаж байна. Улаанбаатарт нийт хүн амын 46 хувь нь байна. Нийт худалдаа үйлчилгээний 80 хувь нь хотод явагддаг. Дотоодын нийт бүтээгдэхүүний 63 хувь нь Улаанбаатарт явуулдаг. Тэгэхээр зөвхөн Улаанбаатарт хөгжил явагдаад, бусад газар хөгжил явагдахад түвэгтэй байна. Тиймээс Монгол Улсынхаа хөгжлийг түргэсгэхийн тулд бүсчилсэн хөгжлийг нэвтрүүлэх шаардлагатай гэж үзэн Засгийн газраас энэхүү шийдвэрийг гаргалаа.
ҮНДЭСНИЙ ОРОН СУУЦНЫ САНХҮҮЖИЛТИЙН КОРПОРАЦИЙГ БАЙГУУЛНА
Барилга хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэн: Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Үндэсний орон сууцны санхүүжилтийн корпораци гэж шинэ бүтцийг байгуулахаар чиглэл ирсэн. Өмнө нь ипотекийн зээлийн тогтолцоог Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлнэ, үе шаттай хэрэгжүүлнэ гэж байсан. Энэ ажлын хүрээнд хийнэ. Одоогийн явж байгаа ипотекийн тогтолцооноос онцлог хэд хэдэн зүйл байгаа. Хэд хэдэн багц дэд хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Жишээ нь, залуучуудад зориулсан миний шинэ орон сууц, төрийн албан хаагчдад зориулсан, хөдөө орон нутагт амьдарч буй иргэдэд зориулсан хөтөлбөр гэх мэтээр хэрэгжүүлнэ. Гол анхаарч байгаа зүйл нь өнөөдөр эргээд харахад орлого багатай иргэд, сарын орлого нь 2 сая төгрөгөөс доош иргэд ипотекийн зээлд хамрагдаж чаддаггүй юм байна. Нийт ипотекийн зээлд хамрагдсан хүмүүсийг харахад сарын орлого нь 2 сая төгрөгөөс дээш иргэд байна. Тэгэхээр бидний тооцоогоор өрхийн сарын орлого нь 500 мянган төгрөг хүрдэггүй айлууд орон сууцны хөтөлбөрт хамрагдаж чаддаггүй. Үүнийг хамруулах арга хэмжээг авъя гэж төлөвлөж байна. Хөгжлийн бэрхшээлтэй, ахмад настан, орлого бага иргэдийг орон сууцны хөтөлбөрт хамруулна. Тухайлбал, түрээсийн орон сууц. Түрээсийн орон сууцыг төлөх боломжгүй, ипотекийн зээлд хамрагдах боломжгүй иргэдэд олгоно. Хугацаа нь өндөр байдаг. 2024 ондоо багтаагаад энэ тогтолцоог хэрэгжүүлнэ.
УЛААНБААТАР ХОТОД МЕТРОНЫ ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ШИЙДВЭРИЙГ ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛООР ГАРГАВ
Хотын дарга Х.Нямбаатар: Өнөөдрийн Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотод метроны төслийг хэрэгжүүлэх шийдвэрийг Засгийн газрын тогтоолоор гаргаж өглөө. Өөрөөр хэлбэл, олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг депезийн нөхцлөөр сонгон шалгаруулах шийдвэр гарсан гэж хэлж болно. Их багтаамжийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулахдаа ЖАЙКО олон улсын байгууллагын санхүүжилтээр 2013 онд хийгдсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-г үндэслэн ипези буюу олон улсын нээлттэй тендерээр аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж бариулах, түүнд хянгалт тавих, зөвлөх үйлчилгээтэй хамтад нь олон улсын нээлттэй тендерээр сонгон шалгаруулах эрхийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар өглөө.
С.ОТГОНБАЯР
zochin
2023-12-27
hudlaa hutsaad baihiin haana ali kolonk benzen ogood bgaan shaagaad bgaarai bolohgui bol kolonkuudiig delbelie
2023-12-27
Орон нутагт нэмэгдээд байна нэмэгдсэн хэрнээ олдохгүй байна тэгүүл нэмэгдэхгүй гэж битгий худлаа ярь л даа та нар