Цаг үеийн мэдээ

Өчигдөр орой орон нутгийн цагаар 17:47 минутад Japan Airlines компанийн 516 дугаар нислэгийг үйлдэж байсан Airbus350-900 загварын зорчигч тээврийн онгоц Токиогийн Ханеда нисэх буудалд газардахдаа нислэгийн зурваст байсан эргийн хамгаалалтын албаны Dash 8 онгоцыг мөргөсөн осол гарчээ. 

Ослын улмаас онгоцнууд галд автан шатсан бөгөөд зорчигч тээврийн онгоцонд байсан 379 хүний амь нас эрсдэлгүй өнгөрсөн боловч эргийн хамгаалалтын албаны онгоцонд байсан үүрэг гүйцэтгэхээр бэлдэж байсан нислэгийн багийн зургаан хүний тав нь харамсалтайгаар амь насаа алдлаа. Эргийн хамгаалалтын албаны Dash 8 загварын онгоцны нисгэгч хүндээр бэртсэн ч эсэн мэнд үлджээ. Тус эргийн хамгаалалтын албаны онгоц даваа гарагт 7.6 магнитудын хүчтэй газар хөдөлсөн гамшгийн бүсэд тусламжийн бараа хүргэхээр замдаа гарах гэж байжээ. 

Албаныхан чухам яагаад хоёр онгоц нэг зам дээр ийнхүү давхцаж осол болсон шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Japan Airlines-ын ерөнхий менежер Нориюки Аоки зорчигч тээврийн онгоц газардахдаа нислэгийн замыг цэвэр гэж ойлгосон байсныг хэвлэлийнхэнд хэлжээ.

Зорчигч тээврийн Airbus350-900 загварын онгоцонд байсан 379 хүний 12 нь нислэгийн багийн гишүүн, найман хүүхэд байсан байна. Онгоцны ахмад осол болсон даруйд шатаж буй онгоцыг зогсоож зорчигчдын амь насыг аврах ажлыг цаг алдалгүй зохион байгуулжээ. Бүх зорчигчдыг эсэн мэнд онгоцноос гаргаж чадсан бөгөөд аврах ажиллагааны үеэр 14 хүн хөнгөн бэртэл авч, түлэгдэж бэртсэн дөрвөн хүнийг эмнэлэгт хүргэсэн байна. 

Таны сурталчилгаа