Цаг үеийн мэдээ

Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2024.01.11) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 06 минутад гишүүдийн 52.8 хувийн ирцтэйгээр эхэлж, 18 асуудал хэлэлцэхээр танилцуулав.

Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 12 гишүүнээс 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэлийн 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр өргөн мэдүүлсэн “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгээр чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлэв. Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлут танилцуулав.

Эдийн засгийн байнгын хорооны 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 02 тоот тогтоолоор Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслүүдийг нэгтгэн, хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батлутаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибал, ТДоржханд, С.Чинзориг, Б.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. Тус Байнгын хороо тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаараа явуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй санал нэг бүрийг хэлэлцэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналаар дэмжсэн байна. Тухайлбал, “Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл батлагдах хүртэл хугацаанд төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр үүсгэн байгуулах, өөрчлөн байгуулах замаар нэмж бий болгохыг түр хориглох” гэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэв. Мөн “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн үйл ажиллагааны чиглэл, тухайн салбарын онцлог, хууль тогтоомжоор олгогдсон чиг үүрэг зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан оновчтой ангилах, ангилал бүрд нийцсэн зохистой өмчлөл, сайн засаглал, санхүүгийн төлөвлөлтийн ялгамжтай бодлого хэрэгжүүлэх чиглэлээр бэлтгэл ажлыг хангаж, хэрэгжүүлэх” гэж нэмэх зарчмын зөрүүтэй саналын томьёоллыгг Эдийн засгийн байнгын хорооны гишүүд дэмжсэн болохыг санал, дүгнэлтэд дурдав. Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатараас “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан компанийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлж, арилжаалах хуулийн хэрэгжилтийг бүрэн хангах” гэж тус тогтоолын төсөлд нэмж тусгуулахаар санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн байна.

Эдийн засгийн байнгын хорооны дээрх санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төслийн нэртэй холбоотой санал хэлж, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг үр ашигтай болгохын тулд олон нийтийн засаглалтай болгох чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхой заалт болгон төсөлд тусгах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг төслийг баталснаар үүсэх ач холбогдлын талаар үг хэлэв. Ж.Бат-Эрдэнэ гишүүн төслийн зохицуулалтыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Ц.Мөнх-Оргил гишүүн төслийн зохицуулалтыг дэмжиж байгаагаа хэлсэн. Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ төслийн 2 дахь заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6 дахь хэсэгт заасан компанийн хувьцааг Монголын хөрөнгийн бирж дээр Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд заасны дагуу бүртгүүлж, арилжаалах хуулийн хэгэжилтийг бүрэн хангах” гэж нэмэхээр тусгасан талаар тодруулж, ажлын хэсгээс хариулт авав.

Ийнхүү Улсын Их Хурлын дээрх тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав. Үдээс хойших чуулганы нэгдсэн хуралдаан “Төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийг шинээр байгуулахыг түр хориглох, тэдгээрийн үр ашиг менежментийг сайжруулах тухай” болон “Аж ахуйн үйл ажиллагаанд оролцох төрийн оролцоог хязгаарлах тухай” Улсын Их Хурлын тогтоолуудын нэгтгэсэн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудын санал хураалтаар эхэлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийтэй харилцах газраас мэдээллээ.

Таны сурталчилгаа