Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Дүнжингаравын уулзварт 60 тн газ тээвэрлэж явсан автомашин дэлбэрч шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 24-ний шөнийн 01:06 цагт Онцгой байдлын газарт ирсэн.
Цагдаагийн байгууллагаас УОК, Онцгой, Эмнэлэг зэрэг мэргэжлийн байгууллагуудтай хамтран тухайн цагийн байдлаар БЗД-ийн 26 дугаар хороонд иргэдийн аюулгүй байдлыг хангах, авран туслах, хамгаалалт, зохицуулалтад 700 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Дуудлагын дагуу НОБГ-ын Гал түймэр унтраах, аврах 10 анги, Аврах ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, гал түймрийн тархалтыг 02:15 цагт зогсоож, 04:30 цагт бүрэн унтраалаа.
Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Дүнжингарав худалдааны төвийн баруун уулзвараас зүүн чиглэл, Е-Мартын худалдааны төв чиглэл, Баянмонгол хороолол чиглэл, Нарантуул худалдааны төв баруун урд уулзвар хүрэх чиглэлд замуудыг 200-500 орчим метрийн зайд хязгаарлалт хийж түр хугацаагаар хаасан.
Энэ тухай холбогдох хүмүүсээс тодруулахад Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Цагдаагийн байгууллагад одоогоор мэдээлэл байхгүй. Хаасан замуудыг хэсэгчлэн нээхээр ажиллаж байна. Мөн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа” гэв.
Дашваанжил газ ХХК “Манайд одоогоор ямар нэгэн мэдээлэл алга” гэлээ.
Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Батзориг “Одоогийн байдлаар гурван албан хаагчийн амь нас эрсэдсэн. Тухайн хоёр машины жолооч нарын биеийн байдлын талаар мэдээлэл байхгүй. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна” гэсэн хариултыг өглөө.
Зочин
2024-01-24
Дашваанжил конпани ийм их газыг хотын төвөөр тээвэрлэх ёсгүйдээ төв аймгаар тойрох ёстой баймаар юм Том тэрэгний жолоочын буруу юм бн даа