Цаг үеийн мэдээ

"Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум” Төрийн ордонд үргэлжилж байна. Төвийн бүсийн дэд бүтэц, эрчим хүч, тээвэр ложистикийн төслүүдийн талаар УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал ярилаа.

Тэрээр “Бүс нутгийн хөгжлийг ярих даа хоёроос гурван зүйл онцгойлон бодмоор байна.

Нэгдүгээрт, хөгжлийг тэтгэдэг дэд бүтцийнхээ асуудлыг бид шийдэхээс өөр аргагүй. Эрчим хүчний талаар өнөөдөр ярьж байна. Үндсэндээ техникийн нөхцөл өгөх боломжгүй тулалтандаа хүрчихсэн, зарим өндөр ачааллын үед доголдох түвшинд хүрчихсэн байна эрчим хүч. Тиймээс эх үүсвэрийнхээ нөөцийг нэмэгдүүлье. Төвийн бүс дээр эрчим хүчний нүүрсний нөөц хаана байгаа вэ, тэрийгээ түшиглэж цахилгаан станцаа барих тухай асуудал бий. Хувийн хэвшил дээр тулгуурласан Бөөрөлжүүтийн 300мВт-ын 150мВт нь оны эцэст ашиглалтад орох болов уу гэсэн төсөөлөл байна. Энэ цахилгаан станцыг маш хурдан ашиглалтад оруулах шаардлагатай. Цаашид Хүрэн нүүрсний нөөц дээр тулгуурлан эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх асуудлыг тэргүүн ээлжинд шийднэ.

Хоёрдугаарт, томоохон суурин газруудынхаа инженерийн шугам сүлжээ, түгээлтийн асуудлыг найдвартай болгох ёстой юм. Сумын төвийн инженерийн шугам сүлжээний шинэчлэл гэх том төслийг бүрэн эрхийн хугацаандаа эхлүүлсэн. Цаашид энэ төслийг өргөн хүрээтэй явуулах шаардлага байна. Орон нутагт баялаг бүтээдэг салбарынхан энэ төслийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах боломж нь бүрдэнэ.

Гуравдугаарт, зам, дэд бүтцийн асуудал. Дархан-Сэлэнгийн замын өргөтгөлийг яаралтай хийх хэрэгтэй. Ингэснээр ачаа болон зорчигч эргэлтийн хүчин чадлыг нэмэгдүүлэх бололцоо бүрдэнэ. Хөгжлийг дэмжих үйл явц ингэж л явагдана. 

Мөн хос төмөр замын асуудлыг шийдэх. Гэхдээ бодлогын түвшинд нэг зүйл бий. Транзит тээврийг гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу тодорхой хувьд барьж байгаа. Өөрсдийнхөө валют олж байгаа зүйлийг гаргадаг тэр процентийг нэмэгдүүлэх асуудлаа бодож байж валютынхаа урсгалыг тогтворжуулна. Тэгж байж баялаг бүтээж байгаа хүмүүсийн хийсэн зүйл өөрсдийнх нь халаасанд орж ирж байж баялаг бүтээлт, нэмүү өртөгийн шингэцийн үйл явц бий болно.

Мэдээж төвийн бүс уур амьсгалын хувьд, газар зүйн байршлын хувьд, зах зээл, дэд бүтцийн талаас өнөө үед хамгийн их боломжтой, давуу талтай бүс нутаг. Төвийн бүсийн тэргүүлэх чиглэлүүд тодорхой. Баялгуудыг бүтээж байгаа байршлууд дээрээ дэд бүтцийг бий болгох асуудал бий. Энэ бүс нутагт хийгдэж байгаа хэд хэдэн томоохон замын асуудлууд байгаа. Төв аймгийн баруун хойд талын гурван сумыг холбосон том замын асуудал явж байгаа. Төв аймгаас Эрдэнэтийн чиглэлд явах замын асуудал бий. Сэлэнгэ дотор явж байгаа замын асуудал байгаа. Эдгээр замуудыг хурдан дуусгаж, үр өгөөжийг нь хүртэх хэрэгтэй. Хийх ажлууд тодорхой. Эрэмбэлэх шаардлага л байна. Монгол Улс хүнсээ дотоодоосоо бүрэн хангаж, экспортолно гэж зорьж байгаа бол яах аргагүй хүнс үйлдвэрлэгч, экспортлогч бүс нутаг нь төвийн бүс.

Мал аж ахуй, газар тариалангийнхаа нийт үйлдвэрлэлийн хурдцыг боловсруулах салбар буюу нэмүү өртөг шингээдэг салбарын хурд гүйцэхгүй, ХАА-н салбарынхаа нийт үйлдвэрлэлийг чөдөрлөөд байна. МАА, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх бололцоо бол байна. Боловсруулаад гаргах асуудал нь удаашралтай байгаа. Төрийн бодлогыг цогцоор нь харж, кластер хөгжлийг бий болгож байж урагш ахиу алхана” гэлээ. 

 

Таны сурталчилгаа