Цаг үеийн мэдээ

Монгол Улс, Япон Улсын гадаад харилцаа, аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн байгууллага хоорондын VI зөвлөлдөх уулзалт 2024 оны гуравдугаар сарын 5-ны өдөр Улаанбаатар хотноо болов.

Зөвлөлдөх уулзалтад монголын талаас Монгол Улсын Гадаад харилцааны яамны Бодлого, төлөвлөлтийн газрын захирал Г.Бямбасүрэн, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн Ажлын албаны Стратегийн бодлого, дүн шинжилгээний газрын дарга, хурандаа Д.Мөнх-Очир, Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, хурандаа Т.Наранхүү, японы талаас Япон Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дэд захирал Ж.Кадоваки, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн Ахлах зохицуулагч Ж.Камэи, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах бодлогын газрын Олон улсын асуудал хариуцсан захирал Ж.Миүра тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.

Уулзалтаар талууд бүс нутгийн аюулгүй байдлын харилцан сонирхсон өргөн хүрээний асуудлаар санал солилцож, тус тусын байр сууриа танилцуулав. Энэ хүрээнд хоёр тал гадаад бодлого, аюулгүй байдал, батлан хамгаалах салбарт явуулж буй бодлого, үйл ажиллагааны талаар харилцан мэдээлэл солилцож, хоёр улсын аюулгүй байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааны цаашдын төлвийг хэлэлцсэн юм.

Талууд хөгжил цэцэглэлтийн төлөөх энхийг эрхэмлэсэн үзэл санааны хүрээнд “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэхийн төлөө буйгаа нотолж, энэхүү үр бүтээлтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхээр тогтов.

Таны сурталчилгаа