Цаг үеийн мэдээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цагаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос, “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж хийж хэрэгжүүлж буй ажлууд мөн Ардчилсан Залуучуудын холбоо хамтарсан мэдээлэл өглөө.

Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны ерөнхийлөгч Б.Жаргалан

Бид Олон улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ардчилсан нам болон АЭХ-оос 3-р сарын 1-ээс 8-ний өдрийг дуустал эмэгтэйчүүдийн 7 хоног цуврал арга хэмжээнүүдийг зохион байгуулаад байна. Бид Монголын нийгэмд тулгамдаж байгаа эмэгтэйчүүдэд, хүүхдүүдэд, гэр бүлүүдэд тулгамдаж байгаа асуудлаар иргэдийн дунд нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэн санал бодлыг нь сонсож Ардчилсан намын мөрийн хөтөлбөрт тодорхой саналуудыг тусгах, эрх баригчдын сонорт эдгээр асуудлуудын талаар мэдээлэл хүргэхээр 7 хоногийн арга хэмжээг хийж байна.

Монголын нийгмийн амьдрал маш хүнд байна. Тэр дундаа эмэгтэйчүүдийн нуруундаа үүрч буй ачаа маш хүндээр тусаж байна. Бүхий л салбарт эмэгтэйчүүд ажиллаж байна. Төрийн үйлчилгээний салбар болох боловсрол, эрүүл мэндийн салбар, сэтгэл зүйн салбаруудад эмэгтэйчүүд гүйцэтгэх түвшинд ажиллаж, маш их ачааллыг үүрч ирсэн. Өнгөрсөн хугацаанд үнийн өсөлт, мөнгөний ханшийн уналт зэрэг нь эмэгтэйчүүдэд маш хүндээр нөлөөлж байна. Энэ жилийн хувьд цас, зудтай хүнд өвөл болж байна. Энэ нь малчин өрх, эмэгтэйчүүдэд хүндхэн нөхцөл байдлыг бий болголоо. Тийм ч учраас Ардчилсан намаас Амь нэгтэй Монголчууд малчдадаа туслах аяныг зохион байгууллаа. 

Нийгэмд тулгамдсан байгаа олон асуудлуудад эрх баригчдын анхаарлыг хандуулах, олон нийтийн санаа бодлогын нэгтгэх зорилготойгоор бидний цуврал арга хэмжээ үргэлжилсээр байна. Удахгүй сонгууль болох гэж байна. Үүнтэй холбоотой эдийн засгийн нөхцөл байдал хүндэрнэ, цас зудын нөлөөлөл гарна, олон улсын зах зээл дээрх түүхий эдийн үнэ унах хандлагатай байна. Биднийг сонгуулийн дараа маш хүнд эдийн засгийн нөхцөл байдал хүлээж байна. Энэ бүх асуудал дээр бид бодлого, шийдлээ уралдуулж, цаашид эдийн засгийн тогтвортой байдлаа дэмжих, иргэдийнхээ амьжиргааг дэмжих, орлогыг дэмжих бодлогууд хаана байна вэ гэж одоогийн эрх баригчдаас асуумаар байна.

Бид эмэгтэйчүүдийн 7 хоногийн арга хэмжээгээрээ Эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх мэдэл гэх сэдвийг голлон хөндөж байна. Учир нь өнөөдөр эмэгтэйчүүдийн эдийн засгийн эрх чөлөө үгүй байна, цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй байгаа учир энэ цаг үед шийдвэр гаргалтад нөлөөлөх, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо ямар байх вэ гэдэг асуудал яригдаж байна. Эмэгтэй нэр дэвшигчдэд сонгуульд зарцуулах хөрөнгө, санхүү хүндээр тусдаг тул улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих санг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооноос байгуулан ажиллаж байгаагаа албан ёсоор илэрхийлж байна. Бид иргэдээсээ, олон нийтээсээ их бага, хэмжээгээр хандив цуглуулан эмэгтэйчүүдийнхээ үйл ажиллагааг дэмжих зорилт тавин ажиллаж байна. 

Таны сурталчилгаа