ИЗНН-аас мэдээлэл хийлээ.
ИЗНН-ын дарга Б.Батбаатар: 2024 оны хоёрдугаар сарын 5-ны өдөр миний бие МАН, АН-аас бусад улс төрийн 35 нам нэгдэхийг гуйсан. МАН, АН-аас бусад улс төрийн намуудад иргэнийхээ гуйлтыг өөрийн биеэр хүргэж өгсөн. Намуудын дарга, удирдлагуудтай уулзсан. Хоёрдугаар сарын 19-ний өдрийн хэвлэлийн хурлаар улс төрийн намуудыг дугуй ширээний уулзалтад урьсан. Өнгөрсөн сарын 21-нд дугуй ширээний уулзалтаар улс төрийн намууд цуглан, одоогийн нөхцөл байдал болоод хэрхэн бид эвлэлдэн нэгдэж, эвсэж, өөрчлөгч хүч болж чадах вэ гэдэг талаар ярилцсан. Энэхүү уулзалтын дараа улс төрийн намууд хамтарч, хэвлэлийн хурал хийсэн. Хүч тэнцвэргүй, шударга бус сонгууль явагдах гэж байна. Үүнийг иргэд олон нийтэд сануулж хэлсэн. Гэвч улс төрийн 35 намын эвсэх нэгдэх боломжийн эсрэг энэхүү Сонгуулийн хуулийг баталсан байна. Энэхүү Сонгуулийн хуульд маш олон заалт, нөхцлийг эвсэл нэгдлийн эсрэг суулгаж өгч, энэ хууль хэрэгжиж эхэлжээ.
Тухайлбал, УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 74.2-т зааснаар дараах шаардлагыг хангасан нам эвсэлд энэ хуульд заасны дагуу суудал хуваарилана. Тухайн намд өгсөн нийт саналын 4 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх. (Намын тухайд) Хоёр нам бүхий эвсэл байвал 5 хувийн санал.
74.2.4 дээр нь гурав буюу түүнээс дээш нам бүхий эвслийн нийт саналын 7 буюу түүнээс дээш хувийн санал авсан байх гэсэн заалтыг суулгаж өгсөн байна.
2024 оны сонгуульд 1.6 сая сонгогч санал өглөө гэж бодоход тоглоомын дүрмээр буюу Сонгуулийн тухай хуулийг баталсан намууд өөрсдөө сонгуульд дангаараа ороход бид дангаараа 4 хувь буюу түүнээс дээш санал авна гэж үзсэн. 1.6 саяын 4 хувь гээд бодоод үзэхээр 64 мянган саналаар тэд УИХ-д суудалтай болж байна.
Хоёр нам эвсвэл 5 хувь болж байгаа. 64 мянга дээр дахиад 16 мянга. 80 мянгаас дээш саналаар суудалтай болж байна. Гурван нам эвсвэл дахин 2 хувь буюу 32 мянган хүн нэмэгдэж, 112 мянган саналаар УИХ-д суудалтай болно. Энэ тоог та бүхэн харж байна. Хууль тогтоосон намууд 64 мянган сонгогчийн саналыг авснаар парламентад суудалтай болно. Дээрээс нь сонгуулийн тойргийг томосгосон. Зардлын хэмжээг нэмсэн. Сурталчилгааны хугацааг багасгасан. Мөн шинэ парламентад эвслээр орсон намууд эвсэл нь задарвал сонгогчийн саналаар авсан тэр суудлыг нь өөрсдөдөө хувааж авахаар Сонгуулийн тухай хуульд тусгажээ. Энэ Сонгуулийн тухай хуулийг заалт бүрээр нь нягталвал маш олон бэрх давахад хэцүү хүндрэлтэй зүйлүүдийг хийжээ.
С.ОТГОН