Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Бүгд Найрамдах Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэтаг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд хамтын ажиллагааны талаар санал солилцов. Жованна Пиккаррэта нь энэ оны хоёрдугаар сард БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон юм.
Хамтын ажиллагааны хүрээнд УБЗАА-наас Итали Улсын Үндэсний судалгааны зөвлөлтэй хамтран нийслэлийн хог хаягдлыг багасгах, дахин ашиглах, дахин боловсруулах дадлыг төлөвшүүлж, хог хаягдлын тогтвортой менежментийг хангах “3R4UB” төслийг хэрэгжүүлж ирсэн. Тус төслийг цаашид эрчимжүүлэхэд анхаарна гэдгийг Хотын дарга Х.Нямбаатар уулзалтын үеэр онцлов.
Түүнчлэн Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулахад хамтран ажиллах боломжтойг БНИУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жованна Пиккаррэта хэллээ.
Энэ чиглэлд хамтран ажиллах боломжийн талаар судалж, дахин уулзахад бэлэн гэдгээ Хотын дарга мөн илэрхийлснийг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.
Монгол Улс Бүгд Найрамдах Итали Улстай 1970 онд дипломат харилцаа тогтоожээ.