Цаг үеийн мэдээ

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч асан Э.Бат-Үүлээс тодрууллаа.

-Дахин төлөвлөлтийг яаж хийвэл оновчтой болох вэ?

-Зах зээлийн эрэлтээс хамаараад тэр хүн 2 өрөө байраар газраа өгнө гэж хэн яаж мэдээд байгаа юм бэ. Тэр хүн хаус нэхвэл яах юм бэ. Эсвэл би хашаандаа хаус барья. Та нар дэд бүтцийг нь татаад өг л дөө гэвэл яах юм бэ. Эсвэл ипотекийн зээлийг нь олгоод өг. Тэгвэл 5 айл нийлээд хашааныхаа газар дээр 20 айлын орон сууц бариад, бид бас бизнес хиймээр байна гэж иргэд асуудал тавибал яах юм бэ. Өнөөдөр бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Гэр хороолол л гэж яриад байдаг. Энэ чинь яг үнэндээ хашааны газар нь үнэ цэнгүй болчихсон газрын эзэд юм байхгүй юу даа. Үндсэн хуулиар газар нь баталгаажчихсан юм. Хот тэр газрын эзэдтэй түншлэх ёстой болохоос биш чиний газрыг чөлөөлж авъя. 2 өрөө байр өгье гэж ярьж болохгүй. Жишээ нь, өнөөдөр Яармагт хашааны газар 500 сая төгрөг хүрчихсэн гэж ярьж байна шүү дээ. Яаж тийм хүмүүс 2 өрөө байраар газраа өгөх вэ. Яаж үнийг нь тогтоох вэ гэх мэтчилэнгээр харахаар дахин төлөвлөлтийн ажил нь захиргааны аргаар хятад, солонгост бүтэлгүйтсэн аргаар хэрэгжүүлэх гээд байгаа юм. Өмнө нь бид ямар аргаар хийх гэж үзсэн бэ гэхээр нэн ялангуяа дэлхийд хамгийн сайн дахин төлөвлөлт хийгдсэн япон маягийн аргаар хийх гэж байсан. Тэр нь юу гэхээр гэр хорооллын айлуудын хашаа руу дэд бүтцүүдийг нь татаад өгчихье. Цэвэр, бохир, цахилгаан эрчим хүчийг нь татаад өгчихье. Тэгэхээр тэр хашааны газрууд үнэд ордог юм байгаа биз дээ. Тэгвэл Хот тэдэнтэй түншлэнэ. За та нар дэд бүтэцчихсэн газартаа орон сууц бариад өг. Сургууль, эмнэлэг бариад өг. Тэгвэл бид та нарт ипотекийн хөнгөлөлттэй зээл газраар чинь барьцаалж өгье гэх мэтээр өөрөөр хэлбэл газрын эзэмшигчидтэй Хотын захиргаа түншлэх хэрэгтэй юм аа. Түүнээс газрын эздээс газрыг нь авах гэж дайраад байвал бүтэхгүй ээ л гэж би хэлээд байна. 

-Одоо байр авсан нь ашигтай юу. Газар авах нь ашигтай юу?

-Нэг зүйлийг ойлго. Хүний барьсан байранд орохоос илүү өөрөө хашааныхаа газар дээр мөнгө нь байвал өөрсдөө барь. Тэдний хурдаас дутахгүй шүү дээ. Жишээ нь, 5 айл нийлж газартаа 20 айлын орон сууц бариад, тавд нь өөрсдөө ороод 15-ыг нь зарж болно биз дээ. Тэгээд зээлээ төлж болно шүү дээ. Тэд өөрсдөө заавал барина гэсэн үг биш шүү дээ. 20 айлд хотоос зээлийн дэмжлэг л үзүүлчих юм бол барилгын компаниуд очоод түүнийг нь бариад өгнө. Өөрөөр хэлбэл тэд захиалагч болно гэсэн үг. Ингэж явахгүй бол дахин төлөвлөлт бүтэхгүй гэдгийг харин би хэлчихье. 

-Метроны төсөл дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Метроны төслийг эрчимжүүлж байна. Энэ маш талархмаар зүйл. Бид маш их талархаж байна. Гэхдээ үүнд их ажил бий шүү. Метроны ТЭЗҮ чинь 2013 онд хийгдчихсэн. Одоо түүнийгээ шинэчлэх ёстой. Гэтэл юу юугүй нээлттэй тендер зарлачихсан. Би түүнийг нь ойлгохгүй байгаа. ТЭЗҮ нь шинэчлэгдээгүй яаж тендер зарлагдаад байгаа юм бэ. Хоёрдугаарт, метроны ажлыг хийхдээ тэр метроны ажлыг зүгээр л метро тавина гэж ойлгоод байна шүү. Буруу шүү. Метро тавих инженер техникийн ажилчид 1500 гаруй хүн бэлтгэх ёстой. Хувийн хэвшлээр орж ирсэн нэг нөхөр метро тавьж өгчихөөд явна гэж бодож байгаа бол энэ маш том эндүүрэл. Тэгвэл 1500 хүнийг нь хэн бэлтгэх юм. Хаанаас, яаж бэлтгэх вэ. Гуравдугаарт, метрог хийхдээ олон улсад заавал анхаардаг нэг зүйл нь юу гээч метроны ажлыг бүрэн гүйцэт хийж дуусгах баталгааг заавал нэхдэг. Тэгэхгүй бол метроны нүх ухчихаад шантаажлаад, рекетлээд зогсчихно. Нөгөө хувийн хэвшил чинь. Хувийн хэвшил гэх үү, хөрөнгө оруулагч тал гэх үү. Рекетлээд зогсчихвол аюул болно шүү. Метроныхоо нүхийг ухчихаад өө өртөг зардал нь нэмэгдчихлээ. Мөнгөө өгөөрэй гээд суучихвал яах вэ. Би тэр яаруу тендер зарлаад байгааг нь гайхаад байгаа. Би хэлж байгаа. Метроны ажлыг эрчимжүүлж байгаа нь маш зөв. Гэхдээ сонгуулийн өмнө пиар хийх гэж байгаа юм шиг хам хум зарлаад, янз бүрийн юм яриад пиар л хийгээд байна шүү дээ. Бүр сэжигтэй зүйл нь тэр 330 тэрбумыг ямар тооцоогоор гаргаж ирж байгаа юм. Бүү мэд. Ойлгомжгүй. Энэ маань явсаар байгаад “Ногоон автобус” шиг болоод хувирчих вий л гэж бодоод байна. Санаа зовж байна шүү.

-Улаанбаатар хотын газрын асуудлаар сонсгол зохион байгуулах асуудалд таны нэр газрын наймаа хийсэн нэр дотор дурдагдсан?

-Тэр маш зөв. Бидний үед газрыг ард иргэддээ дандаа нээлттэй арилждаг байсан. Дуудлага худалдааны анхны үнэ өгдөг байсан. Цахимаар өгдөг байсан. Ер нь энэ газрын асуудлыг УИХ-аар нээлттэй хэлэлцэх гэж байгаа нь их чухал шүү. Олон жил ужиг болсон зүйлийг нийслэлийн иргэд ойлгох хэрэгтэй. Үүний цаана юу болсон, юу явсан бэ гэдгийг ойлгох цаг болсон. 

С.ОТГОН

Таны сурталчилгаа