Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд аа,

Улсын Их Хурлын Эрхэм гишүүд ээ,

Хүндэт зочид оо,

Та бүхэндээ энэ өдрийн мэндчилгээг дэвшүүлье. Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган эхэлж байна. Энэ чуулган 2020 оны Улсын Их Хурлын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан парламентын бүрэн эрхийн хугацааны “отгон” чуулган болно. Тэр ч утгаараа ард түмнийхээ итгэлийг хүлээж сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд, энэ парламентын хувьд онцгой чухал ач холбогдолтой чуулган болох ёстой. Өнгөрсөн 4 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн, эхлүүлсэн цогц өөрчлөлт шинэчлэлээ гүнзгийрүүлж дуусгах нь энэ чуулганы зорилт байх болно. Парламентад ард түмний төлөөллийг нэмэгдүүлэх, сонгодог парламентыг төлөвшүүлэх, сонгуулийн тогтолцоог өөрчлөх чиглэлээр Үндсэн хуульд оруулсан нэмэлтийг хэрэгжүүлэх бэлтгэлийн хүрээнд “Их хуралдай” танхимд өргөтгөл шинэчлэл хийгдэж байгаатай холбогдуулан Ардчилсан парламент бүрэн бүрэлдэхүүнээрээ “Их эзэн Чингис хаан” танхимд хуралдаж байна.

Алдаанаасаа суралцсан, гажуудлаа зассан, тогтолцоогоо чамбайруулсан, хөгжлөө түргэтгэн, үндэстнээ хүчирхэгжин урагшлуулах “шинэ” 30 жилийг эхлүүлэх түүхэн цаг үеийн гэрч, оролцогч нар болон та бид энд сууж байна. Энэ удаагийн парламент ачааны хүндийг үүрч, эрс шинэчлэлийн баганыг тулж, элдэв гажуудлыг засахыг эрмэлзэж, Парламентын засаглалын суурийг ганхуулалгүй, нийгмийн суурь шинэчлэлийн бат бэх суурийг тавьж чадсан гэдгийг онцлон хэлэх нь зүйтэй. Олон жил гацсан нийгмийн суурь гажуудлыг үүсгэгч тогтолцоо, засаглалын хямралт байдлыг бид зөвлөлдөн зөвшилцөх замаар засаж залруулж чадлаа. “Чадлаа” гэх энэ үгэн дотор Монгол Улсын олон суурь асуудлууд гацаанаас гарсныг хожим түүх үнэлнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө улс төрийн эр зориг гаргасанд, намчирхал талцлаас илүү язгуур эрх ашигтаа үнэнч байж, улсынхаа үсрэнгүй хөгжил, хүчирхэгжлийн гүн бат суурийг тавих үйлсэд гар бие, сэтгэл зүрхээ зориулсан та бүхэнд гүн талархал илэрхийлье. Монгол Улс цэгцрэн тэгшрэх, сэргэн мандах эргэлтийн цаг үеийн босгон дээр 8 дахь удаагийн парламент үйл ажиллагаагаа явуулж байна.

Бид “Шинэчлэлийн” парламент байхыг зорилгоо болгож, сэрж сэхээрсэн ард олны Цэгцрэх хөдөлгөөн, Шинэ сэргэлтийн бодлого дэвшүүлсэн Засгийн газартайгаа нэг зүгт харж, нэгдмэл эрмэлзэлтэй байж чадаж байгаа нь энэ парламентыг илэрхийлэх нэг онцлог юм. Монгол Улс бол хуулийн засаглал, хувь хүний эрх, чөлөөт эдийн засгийн тогтолцоог эрхэмлэж, сонгуулиар төр засгаа эмхлэн бүрдүүлдэг, ардчилсан улс. Энэ шинэ замыг сонгосон 30 гаруй жилд бид ардчилсан тогтолцоогоо улам баталгаажуулах, улсаа хөгжүүлэх, эрх чөлөөт, шударга нийгмийг төлөвшүүлэх, ард нийтээрээ сайхан амьдрахын төлөө л зорьсон. Гэхдээ бодож төсөөлснөөс асуудал өөрөөр эргэж, үр дүн хүссэн хэмжээнд хүрсэнгүй өнөөдөрт хүргэлээ. Тиймээс туршлага, сургамжаа шүүн тунгаах, алдаа бурууг засаж залруулах, үүний тулд тогтолцооны шинэчлэл хийхэд чиглэсэн эрмэлзэл сүүлийн 4-5 жилд эрчилсэн давалгаа болж өрнөж байна. Эмх замбараагүй мэт санагдаж болох ч энэ бол цэгцрэх хөдөлгөөн гарцаагүй мөн. “Чиглэлийг нь тодорхойлж үл болох, үй түмэн молекулуудын эмх замбараагүй хөдөлгөөнийг нэг зүгт эмхлэн чиглүүлбэл энерги болж хувирдаг” физикийн ердийн онол нийгмийн хөгжил, хөдөлгөөнд ч хамаатай. Цэгцрэхийн төлөөх ард олны энэ эрчилсэн хөдөлгөөнийг Улсын Их Хурал мэдэрч, шинэчлэлийг түүчээлэгч, шүгэл үлээгч байж чадсан гэж үзэж байна. Улс төр судлаач, эрдэмтэн Жеймс Вильсон, Жорж Келлинг нарын дэвшүүлсэн “хагархай цонхны онол”-ыг хамгийн энгийнээр тайлбарлах юм бол “Цонх хагарвал тэр дор нь шиллэж байх ёстой. Хэрвээ ингэхгүй бол дараа дараагийн цонх хагарсаар бүтэн цонх нэг ч үгүй болно” гэсэн утгатай. Энэ бол нийгэмд бий болсон тулгамдсан асуудал, буруу хазгайг тэр дор нь засаж шинэчилж байхгүй бол тогтолцооны гажуудал болж урхагшина гэсэн үг.  Өнгөрсөн 30 жилд манайд цонх хагарсаар байсан ч бүтэн болгоход төдийлэн анхаарсангүй. Оролдлогууд мэдээж байсан ч тэр бүр бүтэлтэй болсонгүй. “Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддаг”-тай адил “Хагархай цонх”-оор жавар салхи, тоос буртаг орж ирсээр, улам зузааран хуримтлагдсаар өнөөг хүргэжээ. Тиймээс Улсын Их Хурал, Засгийн газар энэ хуримтлагдсан гажуудлыг засах эрх зүйн шинэчлэл хийхийг эрхэм зорилгоо болгож ажиллаж байна. Монгол Улсын Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг амилуулах хүрээнд хийсэн улс төр, засаглал, эдийн засаг, нийгмийн тогтолцооны эрх зүйн реформууд хагархай цонхуудаа бүтэн болгоод зогсохгүй, цаашид цонх хагарахгүй байх дархлааг бий болгоход чиглэсэн юм. Монгол хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах нь ардчилсан Монгол Улс оршин тогтнохын нэг үндсэн баталгаа юм. Тиймээс 2021 оны хаврын чуулганаа “Хүний эрхийг дээдлэх” чуулган болгон зарлаж, Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Ази тивдээ анх удаа баталж, монгол хүний аюулгүй байдлыг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх шинэ тогтолцоог бүрдүүлсэн.

Иргэдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, хилс хэргээр яллахгүй байх, эрүүдэн шүүлтийг таслан зогсоох чиглэлд бодитой ахиц өөрчлөлт гарч эхэлсэн. 2023 оны хаврын чуулганаа “Авлигын эсрэг” чуулган болгон зарлаж, Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг баталж, авлига, албан тушаалын гэмт хэрэгт оноох ялын бодлогыг чангатгасан өөрчлөлтийг Эрүүгийн хуульд оруулсан. Авлигаас ангид нийгэм, авлигаас татгалздаг, ёс зүйтэй төрийн албатай болох, ард түмний нэр барьсан популизм, ёс зүйгүй байдлыг таслан зогсоох нь Монгол төрийг, Монголын нийгмийг авлигаас ангижруулах үндсэн хүчин зүйл мөн. Улс төр, засаглалын реформын хүрээнд Улсын Их Хурлын гишүүдийн тоог 126 болгон нэмэгдүүлж, сонгуулийн холимог тогтолцоотой болох өөрчлөлтийг 2023 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан. Үүнтэй уялдуулан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. Эдгээр нь гишүүдийнхээ тоог олшруулсан төдий өөрчлөлт биш, парламентат ёсоо улам бэхжүүлэх, ард түмний хүсэл эрмэлзэл, засаглах эрх, нийгмийн бүлэг, кластерийн төлөөлөл парламентад илүү сайн хангагдаж байх төлөөллийн ардчиллыг төгөлдөржүүлэх, “мөнгөний сонгууль”-иас татгалзахад чиглэсэн юм. Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, намууд бодлогын институц болж төлөвших, санхүүжилт нь ил тод байх зарчмыг шинээр тусгасан. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, алба тушаал, эрх мэдлээр далимдуулан бусдаас давуу байдал эдлэх боломжийг хязгаарласан. Хараат бус, бие даасан, шударга шүүхтэй болох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд нийцүүлж, Монгол Улсын Шүүхийн тухай багц хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. “Бага Үндсэн хууль” гэж нэрлэгддэг Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, түүнтэй уялдуулан Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулиудыг баталж, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, засаг захиргааны шинэчлэлийн эхлэлийг тавилаа. Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийг баталж, хуулийн хэрэгжилтийг хангах хяналт шалгалтын бүрэн эрхээ парламент өөрийн гарт авсан.

Үүний үр дүнд хяналт босоогоос хэвтээ тэнхлэгт шилжиж, ард олон, хэвлэл мэдээлэл, иргэний нийгэмтэй хамтарсан хүчтэй, шударга хяналтын тогтолцоо бүрдэж байна. “Хөгжлийн банкны”, “Нүүрсний” гэх мэт олны анхаарлыг татсан үйл явдлуудаар парламентад Хянан шалгах түр хороо байгуулж, Нээлттэй сонсгол зохион байгуулснаар улс орон, ард түмний хөгжин дэгжих боломжийг хулгайлсан томоохон луйврын үйлдлүүдийг ил тод болгож, ард түмний мэдэх эрхийг хангасан. “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл санааны дагуу “Алсын хараа-2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”, “Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл”, “2023, 2024 оны улсын хөгжлийн төлөвлөгөө” зэрэг урт, дунд, богино хугацааны хөгжлийн төлөвлөгөөнүүдийг баталж, эдийн засаг, төсвийн реформыг эхлүүлэв. Нийгмийн бодлогын хүрээнд Нийгмийн даатгал, Боловсролын салбарын багц хуулиудыг баталж, эрүүл мэндийн салбарын хуулиудад өөрчлөлт оруулсан нь олон жил ярьсан реформыг хэрэгжүүлэхэд чухал алхам боллоо. Бүхэлдээ энэ нь монгол хүний хөгжлийг хангахад чиглэсэн юм. Цахим шилжилт хийж, “3D” буюу цахим парламент болох чиглэлээр бидний хэрэгжүүлсэн ажил олон шинэ өөрчлөлтийг авчирч байна. “D-parliament” систем ард түмэн засаглах эрхийг хэрэгжүүлэх шинэ боломжийг нээж өгч байна.

Эрхэм гишүүд ээ,

Энэ хаврын чуулганаар эдгээр эрх зүй, эдийн засаг, нийгэм, хүний хөгжлийн реформуудаа эцэслэн дуусгах нь Та бидний эрхэм чухал зорилт байх болно. Орлогын тэгш бус байдлыг арилгах, тогтвортой өсөлттэй, өсөлтийн үр шим нь иргэндээ, айл өрхдөө хүртдэг эдийн засгийн тогтолцоо бүрдүүлэхийг ард иргэд шаардаж, парламент ч энэ чиглэлд онцгой анхаарч байгаа. Монгол Улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт улс. Үүгээрээ бид бахархдаг. Харвардын их сургуулийн профессор Ричард Вийтор “Улс орнууд хэрхэн өрсөлддөг вэ” номдоо “Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, түүний хүчин чадал нь хүний нөөц, технологийн нөөц, капиталын нөөц, газар нутаг- байгалийн нөөцөөс хамаарна” гэжээ. Тэгвэл бидэнд 1.5 сая ам. дөрвөлжин км өргөн уудам, үржил шимт, үзэсгэлэнт сайхан газар нутаг бий. Байгалийн асар их баялгаараа дэлхийд гайхагддаг. Өөрөөр хэлбэл Монгол Улс хэнээс ч үл хамааран, үнэ цэнэтэй оршин тогтнох, Монголын ондоошил, ижилслийг дэлхийд дархлах хангалттай боломж байна. Энэ боломж нь Монгол Улс хөгжлийн эрэмбээр дэлхийтэй хөл нийлэх чухал хүчин зүйл мөн. Түүнийг эрх зүйн шинэчлэлээр дэмжих ёстой. Үүний тулд Үндэсний баялгийн сангийн тухай хуулиа нэн тэргүүнд батлан гаргах шаардлагатай байна. Монгол хүн монгол газартаа, Монголынхоо баялагт эзэн нь байх ёстой гэсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн зарчмыг энэ парламент тууштай мөрдсөн. “D-petition” системээр иргэдээс ирүүлсэн татвар, нийгмийн даатгал, тэтгэмж, газар эзэмших, ашиглахтай холбоотой нийтийн өргөдлүүдэд бид хуулийн дагуу хариу өгөх ёстой. Татварын цогц реформ хийх, Газрын тухай хуулийг шинэчлэн батлахдаа иргэдийнхээ ирүүлсэн эдгээр саналыг зайлшгүй харгалзан авч үзэх ёстой. “Ногоон автобус”-ны хэрэг, Ашигт малтмалын лиценз, газар олголтын байдалд хяналт шалгалт хийх Түр хороо ойрын хугацаанд Нээлттэй сонсгол зохион байгуулж, Монголын баялаг, ард түмний өмчийн хулгай луйврыг илчлэх ёстой. Хууль бусаар бусдын гарт ороод байсан Салхитын мөнгөний жижигхэн ордыг төр, ард түмний өмчлөлд буцаан авснаар 400 гаруй мянган ахмадын 900 гаруй тэрбум төгрөгийн тэтгэврийн зээлийг тэглэж, зээлгүйд нь нөхөх олговор олгож байсныг та бүхэн санаж байгаа байх. Ашигт малтмалын том, жижиг ордууд, тэдгээрийн ашиглалт, лиценз, татвар төлөлтийг тойрсон элдэв хэлбэрийн булхай луйврыг илчлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзэж байна. Шударга бус, ёс зүйгүй байдал, хууль завших үзэгдэл, гэмт үйлдлүүдэд олон нийтийн хяналтыг тогтооход чухал ач холбогдолтой Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг энэ чуулганаар батлахад ажлын хэсэг шуурхайлах шаардлагатай байна.  Хэдхэн сарын дараа Улсын Их Хурлын ээлжит сонгууль болно. Бүсчилсэн том тойргуудад өрсөлдөөн өрнөнө. Энэ бол 126 гишүүн сонгох тоон хэмжүүрийн асуудал биш, ирээдүйгээ томоор харж, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг амилуулах томоохон реформын эхлэл юм. Хот хөдөөгийн ялгааг багасгах, эдийн засгийн нөөцийг зохистой хуваарилах, хөгжлийг урт хугацааны төлөвлөлт, бодлогоор удирдах, үндэсний эв нэгдэл, тусгаар тогтнол, аюулгүй байдлыг баталгаажуулахад энэ шинэчлэл чухал ач холбогдолтой. Тиймээс сонгуулийн бэлтгэлийг сайтар хангах, холбогдох дүрэм журмуудыг батлан гаргах нь энэ чуулганы бас нэг чухал зорилт байх болно. Нөгөө талаар парламентын төлөөллийн чадавхыг сайжруулах, сонгодог парламентыг төлөвшүүлэх, шинжлэх ухаанч мэтгэлцээн, судалгаа шинжилгээнд суурилсан хууль тогтоох засаглалыг төлөвшүүлэх үзэл баримтлалд суурилсан Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиудыг батлах чухал үүрэг, хариуцлага биднийг хүлээж байна.

Эрхэм гишүүд ээ,

Монголын хөдөө цас, зудын нэн хүндрэлтэй цаг үед байна. Хүндрэл арилж, мал шинэ ногоотой золгох хүртэл бас нэлээд хугацаа бий. Тиймээс малчдадаа туслах арга хэмжээг цаашид ч үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг хаа хаанаа бид анхаарах ёстой. Энэ удаагийн цас, зуд Монголын хөдөө аж ахуй, түүний дотор амиа аргацаах төдий саланги бутархай мал аж ахуйн салбарт тогтолцооны шинэчлэл зайлшгүй чухал байгааг батлан харууллаа. Ган, зудад нэрвэгдсэн үед нь өвс, тэжээл зөөж хүргэх, малчдыг урамшуулал, дэмжлэгт хамруулах төдийгөөр асуудлыг шийдэж чадахгүй нь хэнд ч тодорхой байна. Тиймээс ойрын болон урт хугацааны гарц, шийдлийг эрэлхийлэх замаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэх нь чухал болжээ. Энэ зорилгоор “Малчин өрхийн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах хэрэгтэй байна. Монгол малчин, монгол мал, Монгол газар нутаг гурав бол Монголын тусгаар тогтнол, бүтэн бүрэн оршихуйн тулгуур багана, хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл саруул аж төрөхийн нэг чухал баталгаа төдийгүй нүүдлийн соёл иргэншлийн дархлааг хамгаалах, өвийг хадгалах үнэт зүйл мөн гэдгийг санацгаая.

Эрхэм гишүүд ээ,

Монголоо гэсэн нэгэн үзүүрт сэтгэлээр НЭГ МОНГОЛ болж нэгдэх, НЭГ ЗҮГ-т хамтдаа харах, ЦЭГЦРЭХ ХӨДӨЛГӨӨН-ийг дэмжин түрж, ШИНЭ СЭРГЭЛТ-ийг хамтдаа бүтээхийг Улсын Их Хурлын Эрхэм гишүүд, нийт ард түмэндээ уриалъя.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулган нээснийг мэдэгдье.

2024.03.15

Таны сурталчилгаа