1988 оны сүүлээр Цэндсүрэнгийн Энхманлай "Рок" хэмээх Р.Мөнхсайхантай уулзаж, хамтлаг байгуулах санаатай байгаагаа хэлжээ. Тэр үед Драмын театрт ажилладаг байсан Р.Мөнхсайхан түүнийг театрын дарга МУАЖ Намсрайн Сувдтай уулзуулсан байна. Ц.Энхманлай түүнд хамтлаг байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, Ардын Дуу Бүжгийн Чуулгын дэргэд "Соёл Эрдэнэ" хамтлаг байгуулагдсан байхад Драмын театрын дэргэд яагаад хамтлаг байж болохгүй гэж хэмээн ятгажээ. Энэ уулзалтаас 7 хоногийн дараа театрын зүгээс хамтлаг байгуулахыг зөвшөөрсөн хариу өгчээ. Ингэж 1989 оны эхээр хамтлаг үндэс сууриа тавьсан юм. Анхандаа гоцлол гитарчин, дуучнаар Ц.Энхманлай, аргил гитарчнаар Яринпилийн Одсүрэн, бөмбөрчнөөр Нэмэхийн Пүрэвдаш, даралтат хөгжимчнөөр Х.Булган нар тоглож байв. Энэ бүрэлдэхүүн удалгүй өөрчлөгдөж Булган хамтлагаас гарч Соёл Эрдэнэ хамтлагт орсон юм. Ингээд тэр жил армиас халагдаж байсан Цэрэндоржийн Чулуунбатыг хамтлагтаа авчээ. Анхандаа түүнийг тонмейстерээр авахаар ярьж байгаад, Булганыг гарсны дараа даралтат хөгжимчнөөр авах санал хэлжээ. Хоорондоо ярилцаад Одсүрэн хэмнэлт гитарчин болж, Чулуунбат аргил гитараа тоглох болжээ. Удалгүй дуучнаар "Соёмбо"-д хамт байсан Хатанбаатарын Лхагвасүрэнг авснаар үндсэн бүрэлдэхүүн тогтжээ. Хамтлагт нэр өгөхөөр Драмын театр, Ардын дуу бүжгийн чуулгын бүх уран бүтээлчид дунд нэрийн уралдаан зарлажээ. "Улаанбаатар", "Бат хаан" зэрэг нэрийн саналууд ирснээс Ардын дуу бүжгийн чуулгын бүжигчин Д.Сүхбаатарын санал болгосон Харанга гэж нэрийг сонгосон түүхтэй.
Хамтлагийн ажил жигдэрч, уран бүтээлдээ шаргуу орсон тэд өмнө нь зохиосон болон шинээр зохиосон 12 дуутай тоглолт хийхээр болж хамтлагийн ахлагч Энхманлайгийн зохиосон "Амьдрал" дуугаар тоглолтоо нэрлэжээ. 1989 оны 10 сарын 26-нд тоглохоор товлогдож, тухайн өдрийнхөө 15 цагт Соёлын Яамны коллегиор оржээ. Коллегийн бүрэлдэхүүнд жүжгийн нэрт зохиолч МУАЖ, МЗЭ шагналт Э.Оюун, АУЗ, МЗЭ шагналт Ш.Сүрэнжав зэрэг Монголын урлаг соёлын алдартай эрхмүүд байв. Коллегийнхон удтал хуралдсаны эцэст Э.Оюун ""Ай даа хүний амьдрал эгэл жирийн боловч энэхэн биедээ багтахааргүй их хүслийн далай юм даа" гэж энэ хүүхдүүд мөн ч сайхан хэлсэн байна шүү. Хүүхдүүдийг тоглуулъя" гэж хэлснээр тоглолт тавих эрхийг өгчээ. Коллегийн хурал дөнгөж дуусаад тасалбараа зарж эхлэхэд 30 минутад бүх тасалбар зарагдаж дууссан түүхтэй.
Тус хамтлаг 2009, 2011 онуудад Монгол орноо бүтэн тойрч, тоглолт хийсэн. 2016 онд "Алдрын од" шагнал хүртсэн 2 дахь хамтлаг болсон бөгөөд Соёлын Төв Өргөөний орчимд тус хамтлагийн хүндэтгэлийн самбарыг байрлуулсан.
Монголын хөгжмийн ертөнцийн домог “Харанга” хамтлаг 30 жилийнхээ ойгоор Төрийн соёрхол хүртсэн юм.
Төрийн соёрхолт "Харанга" хамтлаг 2024 оны наймдугаар сарын 24-ний өдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд 35 жилийнхээ ойдоо зориулсан "Амьдрал" амьд хөгжмийн наадам хийхээр болжээ.
Тоглолтын тасалбар худалдаанд гарсан ба 59.000 төгрөг, 99.000 төгрөгөөр борлуулагдаж байна.
Тасалбар захиалах: https://www.ticket.mn/event/2191
2024-06-12
Одоо болио. Цэнгэлдэх энэ тэр