Цаг үеийн мэдээ

Бүгд Найрамдах Саха (Якут ) улсын Соёлын яам, Д.К. Сивцев-Суорун Омоллооны Дуурь бүжгийн театртай хамтран зургаа дугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 4-ний өдрүүдэд Оросын Холбооны Улс болон Бүгд Найрамдах Саха(Якут) улсын Ардын жүжигчин, Пётр Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын Олон улсын уралдааны Тэргүүн байрын шагналт АЙТАЛИНА АФАНАСЬЕВА-АДАМОВАГИЙН мэндэлсний ойд зориулан Олон улсын дуурийн дуулаачдын Хоёрдугаар уралдааныг зохион байгуулж байна.

Гурван үе шаттайгаар явагдсан энэхүү уралдаанд ОХУ, БНХАУ, Монгол Улс, Беларусь болон Францын 23 дуурийн мэргэжлийн залуу дуулаачид оролцлоо.

Ерөнхий шүүгчээр К.С.Станиславский болон В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит Москвагийн эрдмийн хөгжмийн театрын ерөнхий удирдаач, ОХУ-ын Ардын жүжигчин Феликс Павлович Коробов ахлуулсан олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнд Бүгд Найрамдах Саха Улсын (Якут) Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, ОХУ, Бүгд Найрамдах Саха (Якут) улсын Ардын жүжигчин, олон улсын уралдааны шагналт, Арктикийн улсын соёл урлагийн дээд сургуулийн хөгжмийн урлагийн тэнхмийн эрхлэгч Афанасьева-Адамова Айталина, К.С.Станиславский болон В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит Москвагийн эрдмийн хөгжмийн театрын гоцлол дуучин, Москвагийн нэрэмжит шагналт, Онегинийн нэрэмжит үндэсний дуурийн шагналт, П.И. Чайковскийн нэрэмжит Москвагийн Улсын Консерваторийн гоцлол дууны тэнхимийн багш Ерохин Николай, Мариинскийн театрын гоцлол дуучин (Санкт-Петербург), Хойд Осетийн БНУ-ын Гавьяат жүжигчин, Оросын болон олон улсын уралдааны шагналт Семенчук Екатерина болон Монгол Улсын Гавьяат жүжигчин, Мариинскийн театрын (Санкт-Петербург) зочин гоцлол дуучин, Олон улсын болон бүх Оросын уралдааны шагналт Чулуунбаатарын Бадрал (Монгол-Итали) нар ажилласан билээ.

Тэгвэл, тун саяхан Д.К. Сивцев-Суорун Омоллооны Дуурь бүжгийн театрын тайзнаа болсон олон улсын энэхүү уралдааны Финалд

ОХУ-ын Ардын жүжигчин, Бүх Холбоотын урлагийн Үндэсний дээд шагнал болох "Алтан баг"-ийн эзэн, К.С.Станиславский болон В.И.Немирович-Данченкогийн нэрэмжит Москвагийн эрдмийн хөгжмийн театрын ерөнхий удирдаач, уралдааны Ерөнхий шүүгч Феликс Коробовын удирдлаган дор дуурийн дуулачид Якутын Эрдмийн Филармоний симфони найрал хөгжимтэй программаа толилуулснаар шүүгчдийн дүн гарлаа. 

Олон улсын шүүгчдийн бүрэлдэхүүнээс ОХУ-ын Санкт-Петербургийн Мариинскийн театр, Владивосток хотын Марийнский III театрын гоцлон дуучин МУСТА Доржцэдэнгийн Бат-Эрдэний дуулах төгс ур ухааныг онцлон тэмдэглэснээр, Монголын туршлагатай дуурийн дуучин, МУСТА баргил хоолойт Доржцэдэнгийн Бат-Эрдэнэ Тэргүүн байрын шагналтнаар өргөмжлөгдөж, баритон Хоролгаравын Мөнхтүвшин Дэд байр, ХЦДБЧ-ын дуучин МУСТА Борын Батсайхан Гутгаар байрын шагналтнаар тус тус нэрлэгдлээ.

Энд сануулахад, дуурийн дуучин Д.Бат-Эрдэнэ нь Монгол Улсын СУИС-ын төгсөгч бөгөөд Лхасаран Линховоины олон улсын дуурийн дуулаачдын уралдааны Тэргүүн байрын шагналтан, М.И. Глинкийн Олон улсын дуурийн дуулаачдын XXV дахь удаагийн уралдаан болон Елена Образцовагийн Олон улсын дуурийн дуулаачдын XI дахь удаагийн уралдааны Дипломант, 2022 оны Бюльбюлийн Олон улсын уралдааны "Бюльбюлийн урын сан дахь Азербайджаны хөгжмийн зохиолчийн бүтээл"-ийн Шилдэг дуулаач" Тусгай байрын Шагналтнаар өргөмжлөгдөж байсан Монгол Улсын дуурийн урлагийг дэлхийн томоохон тайзнаа сурталж, нэрийн хуудас нь.болж яваа, манай шилдэг уран бүтээлчдийн нэг яах аргагүй мөн билээ.

Ташрамд, уралдааны Гран при шагналыг Бүгд Найрамдах Саха (Якут ) улсын Гавьяат жүжигчин ( 2022) меццо-сопрано Екатерина Корякина гардан авсан бол ДБЭТ-ийн дуучин Лхагважавын Пүрэвдоржид уралдааны ерөнхий ивээн тэтгэгч, Якутын Үндэсний гар урлал, үнэт эдлэлийн Симэх үйлдвэрийн бүтээгдэхүүнийг Тусгай шагналын бай болгон гардууллаа.

Таны сурталчилгаа