Цаг үеийн мэдээ

Монголын нэрт зохиолч Б.Лхагвасүрэнгийн бүтээл “Тамгагүй төр” жүжиг найруулагч Херо Баатарын найруулга болох “Монгол Хаан” нэрээр дэлхийн сор болсон бүтээлүүд шигшигдэн тоглогддог театруудын ноён оргилуудад үргэлжлүүлэн тавигдсаар байгаа билээ.

Өнгөрсөн оны 11 сард Лондон хотын West End-ийн алдарт Колесиум театрт “Монгол хаан” жүжгийн үйл явдлаас сэдэвлэсэн график романы англи хэл дээрх анхны хэвлэлтийн нээлтийг хийсэн. Өдгөө монгол комикыг Азидаа сурталчлан хөгжүүлж буй Econte компанийн уран бүтээлчид хамтран уг номын зураг дүрслэлийг урласан бөгөөд энэ оны 2 сард монгол хэл дээр хэвлэгдэж өдгөө бүх номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байна.

Тэгвэл Монгол Хаан жүжгийн испани хэл дээрх хэвлэлийг Испанийн Amok Ediciones Publishing хэвлэлийн газар орчуулан гаргаж, Испанийн бүх номын дэлгүүрүүдээр болон Латин Америкийн 18 орнуудад гаргахаар боллоо. Мадрид хотноо төвтэй Amok Ediciones хэвлэлийн газар нь 1990 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Азийн шилдэг уран зохиол, комик номуудын испани хэл дээрх хувилбарыг дэлхийн зах зээлд нийлүүлдэг тэргүүлэх хэвлэлийн газруудын нэг юм. Хүннү гүрний сүр жавхланг дэлхийн уншигчдад таниулах боломжийг олгох уг график роман дэлхийн 20 гаруй оронд 580 сая хүний ярьдаг, Нэгдсэн Үндэсний Байгууллагын албан ёсны 6 хэлийн нэг болох испани хэлээр хэвлэгдэж буй явдал нь Монгол Улсын соёлын томоохон сурталчилгаа болох нь гарцаагүй.

“Монгол хаан” төслийн багийн зүгээс график романыхаа нийт борлуулалтын 1 хувийг дэлхийд нэн ховордож буй МАЗААЛАЙ баавгай хамгаалах санд хандивладаг уламжлалтай.

Түүнчлэн уг номын театрын бүтээл болох Монгол Хаан жүжиг энэ оны 10 сарын 17-нд Сингапурын алдарт Marina Bay Sands-н Sands Театрт Азийн нээлтээ хийж, гурван долоо хоногийн туршид тоглохоор бэлтгэн ажиллаж байна.

Таны сурталчилгаа