“Миний байшин” киногоороо монголчуудын эчнээ танил болсон Солонгосын алдарт жүжигчин, дуучин Рэйн буюу Жун Жи Хүүн манай улсад ирэх гэж байна. Тэрээр манай улсад анхны тоглолтоо ирэх сарын 15-нд хийхээр урьдчилсан байдлаар төлөвлөжээ. Энэ талаар Evandis Entertainment мэдээлсэн. Солонгос Монголын хамтарсан арга хэмжээ зохион байгуулагч анхны энтертайнмент компани билээ.
Тус компани өмнө нь БНСУ-ын уран бүтээлчид, Монгол Улсын уран бүтээлчдийн хамтарсан "Your Valentine" олон улсын тоглолтыг зохион байгуулж байсан удаатай.
"Your Valentine" олон улсын тоглолтод 10 гаруй орчуулагчийн баг, тайзны багийн 100 гаруй ажилтан, 160 гаруй сайн дурын ажилтнууд гээд нийт 350 орчим хүн ажилласан байдаг. Тоглолт зохион байгуулагдаж дууссаны дараа Evandis Entertainment-ын зүгээс "Дараагийн тоглолт энэ удаагийнхаас илүү байна гэдгийг амлаж байна" хэмээж байсан бол энэ удаа дахин Солонгосын алдартнууд Монголд хүрэлцэн ирэх нь ээ. Тоглолт болох өдрийг албан ёсоор удахгүй мэдээлнэ гэлээ.
Рэйн Солонгосын алдарт Ким Тэ Хитэй 2017 онд хуримаа хийсэн бөгөөд тэд хоёр хүүхэдтэй. Жун Жи Хүүн анх 1998 онд 16 настайдаа анхны дебютээ хийж байсан юм. Ингэхдээ “JYP” энтертайнментэд харьяалагддаг байсан бөгөөд 2007 оноос өөрийн энтертайментыг байгуулан одоог хүртэл идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна. Түүний хувьд 2010, 2011 онд алдарт “Тайм” сэтгүүлийн дэлхийн шилдэг 100 хүний нэгээр шалгарсан удаатай.