Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйг өнөөдөр ажлын хэсгийн хамт хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол Хятад хоёр улсын зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх тухай санал солилцлоо. Уулзалтад, Монголын талаас Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ЗТЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Артур, ТЗДТЗБЗГ-ын дарга Х.Итгэлт, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Нямдаваа нар оролцлоо. Хятадын талаас Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй, тус мужийн Ардын Засгийн газрын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Цуй Чанжэн, Тээврийн газрын дэд дарга Ли Жируй, Худалдааны газрын дэд дарга Жан Вэйдун, Ляонин мужийн Ардын засгийн газрын гадаад харилцааны газрын дэд дарга Жао Хонбин, Гадаад харилцааны хэлтсийн дарга Чен Лэй, Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Эдийн засаг, худалдааны асуудал эрхэлсэн зөвлөх Лю Жинжи, бусад мэргэжилтнүүд оролцлоо. Уулзалтын эхэнд, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэйтэй уулзаж, хоёр улсын зам тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцож буйд талархал илэрхийлээд, Хятад улс бол Монгол Улсын мөнхийн хөрш төдийгүй гадаад харилцааны хамгийн том түнш, хөрөнгө оруулагч улс. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа салбар бүрт өргөжин тэлж байгаатай уялдуулан зам тээврийн салбарт энэхүү харилцааг улам тэлэх, хамтран ажиллах боломж, нөөц их байгааг дурдсан юм. БНХАУ-ын Ляонин мужийн дэд захирагч Жин Гуовэй БНХАУ-ын Ляонин муж нь эдийн засаг, дэд бүтэц, аж үйлдвэрлэл хөгжсөн муж, зургаан боомттой. Монгол Улстай хамгийн ойр далайн боомттой гэдгийг онцлоод, манай улстай боомтын хамтын ажиллагаа, тээвэр логистик, дэд бүтэц, уул уурхайн бүтээгдэхүүн зэрэг олон чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Талууд уулзалтаар Монгол Улстай газарзүйн байршлын хувьд, хамгийн ойр байрлах Жинжоу боомтыг Монгол Улсын экспорт, импортын хоёр дахь гол гарц болгож ашиглах, Монгол Улсын дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд зам тээврийн салбарт төмөр зам барих, хатуу хучилттай автозам тавих, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх, харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломжуудын талаар хэлэлцэж, санал солилцлоо. Уулзалтын төгсгөлд Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “БНХАУ-ын Тяньжин боомт дээр Монгол Улсын импортын тээврийн чингэлгүүд 2-3 сараар хүлээгдэж, ачаа тээврийн бөөгнөрөл үүсээд байгааг шуурхай шийдвэрлэхэд бидний энэ удаагийн уулзалт, хамтын ажиллагаа чухал үр нөлөөтэй гэдгийг тодотгоод, хоёр улсын зам тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар илүү нухацтай хэлэлцэж, олон удаа хоосон ярих бус хийж бүтээх нь чухал байгааг онцлов.