Гол, усны үерийн түвшин өндөр байгаа энэ үед иргэдийг амарч зугаалах үедээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн тохиолдолд гол, усанд орохгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах тухай сэрэмжлүүлгийг Онцгой байдлын байгууллагаас тогтмолд сануулж байгаа. Харамсалтай нь энэ төрлийн дуудлага тасрахгүй байна.
Тодруулбал, өчигдөр /2024.08.13/ согтуурсан үедээ Хэрлэн голын усанд орж живсэн хоёр иргэнийг эрэн хайх ажил үргэлжилж байна.
Онцгой байдлын байгууллага:
Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр баг “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 17:21 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид очиж, иргэн А /40 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/-ийг эрэн хайх ажиллагааг анх осолдсон газар 2.5 метрийн гүнд 3 удаагийн шумбалт хийж, голын дагуу 20 км зайд 3 удаагийн давтамжтай завь болон автомашинтай зохион байгуулж байна.
Хэнтий аймаг, Баян-Овоо сум Жавхлант 4 дүгээр баг /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 160 км, сумын төв/-т “Хэрлэн” голын усанд 1 хүн живсэн тухай дуудлагыг 08.13-ны өдрийн 16:44 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид иргэн М /38 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.