Цаг үеийн мэдээ

Монгол Улсад шатрын ахмадын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

13 дахь удаагийн тэмцээнд есөн орны 81 шатарчин 50+, 65+ гэсэн хоёр насны ангилалд оюун ухаанаа сорьж байгаа юм. Нийт тамирчдын 23 нь олон улсын цолтой. Энэ жил Олон улсын шатрын холбоо үүсэн байгуулагдсаны 100, Монгол Улсад орчин цагийн биеийн тамир, спортын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож буй бөгөөд тэмдэглэлт баярын хүрээнд ахмадын Ази тивийн аварга шалгаруулах энэхүү тэмцээнийг өндөр ач холбогдол өгснийг зохион байгуулагчид онцоллоо.

Тэмцээнд эх орноо төлөөлөн өрсөлдөж буй Монголын багийн онцлох тамирчдыг дурдвал, өдгөө 78 настай, гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэн 65-аас дээш насны ангилалд өрсөлдөж байна. Тэрбээр их мастер Б.Хатанбаатар, Ц.Батчулуун, А.Энхтуул тэргүүтэй шилдэг шатарчдыг бэлтгэн гаргасан билээ. Мөн Б.Хатанбаатар, Н.Төвсанаа, Б.Баярмандах, Г.Оюунчимэг, Ж.Лхагва, Ч.Хүрэлбаатар нар өрсөлдөж байна.

Тэмцээнийг таван өргийн дараа 65-аас дээш насны ангилалд Казахстаны шатарчин, олон улсын мастер Владислав Насибуллин 4.5 оноотой тэргүүлж байгаа бол Филиппиний шатарчин Эфрин Багамасбад тэргүүтэй таван мастер 4.0 оноогоор нэхэж байгаа юм. Түүнчлэн Ж.Лхагва, Р.Энхбат, П.Жигжидсүрэн, Д.Түдэв нар 3.5 оноотой тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд явна.

Харин 50-иас дээш насны ангилалд ФИДЕ мастер Н.Төвсанаа ганцаараа таван оноотой тэргүүлж байгаа бол Казахстаны Олег Головчук, их мастер Б.Хатанбаатар болон Г.Энхбаяр нар удаалж байна.

Тэмцээн энэ сарын 18-нд өндөрлөж, медальтнууд тодорно. 

Таны сурталчилгаа