Цаг үеийн мэдээ

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Кэйти Смиттийг хүлээн авч уулзлаа.

Сайд Л.Энх-Амгалан шинэ Засгийн газрын бодлого хөтөлбөрийн талаар ерөнхий мэдээлэл өгсний дараа Австралийн Засгийн газраас:

Монгол Улсын Засгийн газрыг дэмжиж “Гүйцэтгэх албан тушаал хашиж буй Монгол эмэгтэйчүүдийн хөгжил, манлайлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж, эмэгтэй төрийн албан хаагчдыг чадавхжуулах

Монгол Улсын Засгийн газар, Австрали Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Ажиллах, амрах визийн зохицуулалтын тухай” санамж бичгийн хэрэгжилтийг хангаж идэвхтэй үйл ажиллагаа явуулах зэрэгт түлхүү анхаарч байгаад талархал илэрхийллээ.

Мөн “Манай улсын шинэ Засгийн газрын бодлого гэр бүлд суурилсан нийгмийн үйлчилгээний тогтолцоог бий болгоход чиглэж, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгасан тул Австралийн сайн туршлага болох Гэр бүл дэмжих болон хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвийн талаар туршлага солилцоход дэмжлэг үзүүлж хамтарч ажиллах хүсэлтэй байна” гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан уулзалтын үеэр хэлэв.

Элчин сайд Кэйти Смитт “Ажиллах, амрах визийн зохицуулалтын тухай” санамж бичгийн хэрэгжилт сайн байгааг онцлоод, жендэрийн тэгш байдлыг хангах, дадлагажигчийн тогтолцоог судлах, сайн дурын хөтөлбөрөөр дамжуулан мэргэжилтнүүдийг урьж ажиллуулах боломжтой гэлээ.

Уулзалтын төгсгөлд Австрали Улсын Засгийн газартай гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарч дээр дурдсан саналуудыг ажил хэрэг болгоход талууд идэвх зүтгэл гарган хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ.  

 

Таны сурталчилгаа