Цаг үеийн мэдээ

Монгол Улс олимпын анхны аваргатай болсон түүхэн өдөр /2008.08.14/ өнөөдөр тохиож байна. Одоогоос 16 жилийн өмнөх энэ өдөр Бээжингийн олимпын XXIX наадмаас Найдангийн Түвшинбаяр 24 насандаа алтан медаль хүртсэн юм.

Тодруулбал, Жүдо бөхийн тэмцээний зургаа дахь өдөр эрэгтэйчүүдийн 100 кг-ын жинд Н.Түвшинбаяр эхний барилдаанаа Японы бөх К.Сүзүкитэй хийх байсан юм. Түүний сугалаа хүнд байсан бөгөөд “Афин 2004” олимпийн аварга, 2003, 2005 оны дэлхийн аварга цолтой бөхтэй таарсанд хэн ч ялна гэж итгээгүй. Тиймээс жүдо бөхийн төрлөөс монголчууд медальгүй буцах нь тодорхой боллоо гэцгээж байлаа. Гэтэл дэвжээнд гарсан Н.Түвшинбаяр Сүзүкиг цэвэр ялж, улмаар Герман, БНСУ, Азарбайжаны бөхчүүдийг дараалан ялж финалд гарч ирсэн. 

Ингээд аваргын алтан медалийн төлөө Н.Түвшинбаяр Казахстаны Асахат Житкиевийг үнэлгээгээр илүүрхэн ялж, олимпийн аварга болсон түүхтэй. Энэ медаль монголчуудад үнэ цэнэтэй ирсэн бөгөөд сонгуулийн хар бараан мэдээллийн дараах гэрэл гэгээг авчирсан. 2008 оны наймдугаар сарын 14-ний үдэш монголчууд баяраа Сүхбаатарын талбайд тэмдэглэж байлаа.

Бээжингийн наадмаас буудлагын О.Гүндэгмаа мөнгөн медаль хүртэж, боксын төрлөөр Э.Бадар-Ууган олимпийн аварга болж, Сэрдамба мөнгөн медальтай ирж билээ. Мөн Паралимпийн наадмаас байт харвааны төрөлд Д.Баатаржав аваргын алтан медалийг хүртсэн юм.

Таны сурталчилгаа