2024-2025 оны хичээлийн жилд нэг болон 3-11 дүгээр ангийн 115 нэр, төрлийн 1.8 сая ширхэг сурах бичгийг хэвлүүлжээ.
Уг сурах бичгүүдийг улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургууль бүрд 2024 оны зургадугаар сарын 10-28-ны хооронд хүргэсэн байна. Сурах бичиг түгээх үйл ажиллагааг “Монгол шуудан” компани гэрээгээр гүйцэтгэсэн аж.
Бага ангийн сурах бичгийн хангалт 95-100, дунд, ахлах ангийн нөхөн хангалтын болон түрээсийн сурах бичиг 62 хувьтай байгааг Боловсролын ерөнхий газраас мэдээлэв. Тэгвэл 6-12 дугаар ангийн хүүхдэдээ сурах бичиг худалдан авах бол shop.aplus.mn цахим хуудсаар захиалах боломжтой.
Харин түрээсийн сурах бичгийн төлбөрийг тогтоосон бөгөөд ерөнхий боловсролын сургуулиуд ажлын хэсэг гаргаж, 2021 оноос өмнө хэвлэгдсэн эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон сурах бичгийг актлах, дахин ашиглаж болох эсэх шийдвэр гаргаж ажиллахыг зөвлөсөн байна.