Цаг үеийн мэдээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа Сингапур Улсын Ерөнхий Сайдын ажлын албаны Уур амьсгалын өөрчлөлтийн газрын дарга Бенедикт Чиа болон ахлах менежер И-Жун Мок нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр “Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төсөл, нүүрстөрөгчийн зах зээлд хамтран ажиллах чиглэлээр санал солилцлоо. Бүгд Найрамдах Сингапур Улсын хувьд дотоодын нүүрстөрөгчийн татварын хэмжээгээ үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлогыг хэрэгжүүлж, үүний үр дүнд гадны улс орнуудтай нүүрстөрөгчийн зах зээлийн чиглэлээр хамтран ажиллах ажлуудыг манлайлан хэрэгжүүлж байна.

Монгол Улсын НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенц болон Парисын хэлэлцээрийн хүрээнд хүлээсэн үүрэг, амлалтаа биелүүлэхэд түлхэц, дэмжлэг үзүүлэх, хоёр талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилгоор Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Бүгд Найрамдах Сингапур Улсын Тогтвортой хөгжил, байгаль орчны яам хооронд “Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар хамтран ажиллах тухай” санамж бичгийг 2023 оны 06 дугаар сард байгуулсан юм. 

Мөн Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий Сайдын ажлын албаны Уур амьсгалын өөрчлөлтийн Нарийн бичгийн дарга болон газрын төлөөлөгчдийн айлчлалын хүрээнд холбогдох яамд, төрийн байгууллагын төлөөллүүдийг хамтарсан зөвлөлдөх уулзалтыг 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдөр амжилттай зохион байгууллаа. 

Уулзалтаар 2024 оны 11 дүгээр сард Азербайжан Улсын Баку хотноо зохион байгуулагдах НҮБУАӨСК-ын Талуудын 29-р Бага Хурлын үеэр Хэлэлцээрийн төслийг албажуулах ажлыг эрчимжүүлэн ажиллахаар талууд тохиролцов.

Таны сурталчилгаа