Эрүүл мэндийн яамны урилгаар “Орбис” нүдний эмнэлэг ес дэх удаагаа Монгол Улсад ирлээ.
Энэ сарын 22-ныг хүртэл “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд байрлах нүдний нисдэг эмнэлэг, ЭХЭМҮТ, П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар төв эмнэлэг болон орон нутагт ажиллаж буй нүдний эмч, сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженерүүдэд сургалт явуулж байгаа юм. Тэд Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд ажиллаж, хүүхдийн болор цайх өвчин, хялар, нүдний нөхөн сэргээх, дутуу нярайн торлогийн эмгэгийн сургалт явуулсан байна.
“Алкон” сан, “ФедЭкс” болон “ОМЕГА” ивээн тэтгэгчдийн дэмжлэгтэйгээр энэхүү төсөл нь нүдний эмч болон бусад эмнэлгийн мэргэжилтний чадварыг дээшлүүлэх, түнш эмнэлгүүдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах, ард иргэдэд нүдний эрүүл мэндийн талаарх мэдлэгийг дэлгэрүүлэн таниулах зорилготой ажээ. “Орбис” MD-10 агаарын хөлөгт байрладаг дэлхий дээрх цорын ганц, АНУ-д магадлан итгэмжлэгдсэн нүдний эмнэлэг бөгөөд энэхүү эмнэлэгт орон орны шилдэг мэргэжилтнүүд ажилладаг аж.
Тус эмнэлэг 1989 онд Монгол Улсад анх ирснээс хойш найман удаа айлчилсан бөгөөд хамгийн сүүлд 2018 онд иржээ. Түүнээс хойш зургаан жилийн дараа ийнхүү дахин ирэв. “Орбис” нь 2014 оноос эхлэн Монгол Улсад хүүхдийн нүдний тусламж үйлчилгээг сайжруулах төслүүдийг амжилттай хэрэгжүүлж, 2021 онд салбараа нээж үйл ажиллагаагаа улам өргөжүүлсэн байна.
“Орбис интернэшнл” нь Африк, Ази, Латин Америк даяар төсөл хэрэгжүүлдэг, дэлхийн хүн бүрд хүртээмжтэй, тогтвортой үйлчлэх нүдний эмчилгээний тогтолцоог бий болгох зорилгоор 40 гаруй жилийн турш ажиллаж буй АНУ-д төвтэй, ашгийн бус, төрийн бус байгууллага юм.
Г.Нямсүрэн
2024-08-17
Нүдээ үзүүлэх гэсийн яаж бүртгүүлэх вэ. Хөдөө орон нутгаас ирсэн 60настай эмэгтэй