Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор НҮБ-тай хамтран Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо энэ сарын 22, 23--нд "Ногоон ирээдүйн төлөө" сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болсныг мэдэгдэж, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг, НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр “Эмэгтэйчүүдийн жендэрийн тэгш байдлыг хангах, чадавхжуулах тухай Тогтвортой хөгжлийн V зорилгод манай улс хувь нэмрээ оруулах ёстой. Үүний зэрэгцээ 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн IV бага хурлаас гарсан Бээжингийн тунхаглал болон үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих ёстой. Энэ хүрээнд манай улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг эх орондоо зохион байгуулах гэж байна.

Өнгөрсөн хугацаанд буюу 2022 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Эмэгтэй энхийг сахиулагчдын чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан. Өнгөрсөн жил эмэгтэй Гадаад харилцааны сайд нарын чуулга уулзалтыг анх удаа Монгол Улсад зохион байгууллаа. Энэ жил дээрх сэдэвчилсэн чуулга уулзалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна. Үүний зэрэгцээ Монголын Эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны 100 жилийн ой энэ онд тохиож буй. Энэ утгаараа Монголын Эмэгтэйчүүдийн холбоо тус чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж байна.

Уг чуулга уулзалт нээлт, бүгд хуралдаан, 6 салбар хуралдаан, хаалт гэсэн үндсэн хэсгээс бүрдэнэ. Үүнд,

-Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо 

-Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг 

-Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо

-Жендэрийн тэгш эдийн засаг

-Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө

-Спорт, урлаг соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал зэрэг юм. Чуулга уулзалтаар төгсгөлийн баримт бичиг гаргах ба одоогийн байдлаар оролцогч талуудтай энэ чиглэлээр ярилцаж байна” гэв.

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Мөнхтүшиг тус чуулга уулзалтад 15 улсын төр засгийн тэргүүн, Гадаад хэргийн сайд нар, 20 гаруй олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес, соёл урлаг, спорт  зэрэг бүхий л салбарын манлайлагч эмэгтэйчүүд оролцохоор байгааг хэллээ. Түүнчлэн Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийхийн зэрэгцээ айлчлалынхаа хүрээнд уг чуулга уулзалтад хүндэт зочноор оролцохоор байгааг дуулгав. Мөн Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Болгар Улсын парламентын орлогч дарга зэрэг зочдыг нэрлэж болохоор байна гэлээ.

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра "Энэхүү чуулга уулзалтад НҮБ өндөр ач холбогдол өгч байна. Тус чуулга уулзалтад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын нэгдүгээр орлогч оролцоно. Энэ нь НҮБ-аас хоёр жилийн дараа Монгол Улсад айлчилж буй хамгийн том албан тушаалтан болж байна. Тус хурлаар Бээжингийн тунхаглал болон олон улсын эмэгтэйчүүдийн манлайлал, тэгш оролцоог хангах чиглэлээр гаргасан бүхий гэрээ хэлэлцээр, тунхаглалууд, тэдгээрийн ахиц дэвшлийг үнэлэх боломж гэж харж байна. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлт, хүнсний тогтолцоо, цахим эдийн засаг, аж үйлдвэрлэл, боловсрол, соёл зэрэг салбарт эмэгтэйчүүдийн манлайллыг шинэ түвшинд гаргаснаар Тогтвортой хөгжлийн зорилгыг илүү хүртээмжтэй, тал талаасаа хангахад томоохон чухал үүрэг гүйцэтгэнэ” хэмээв.

Энэхүү чуулга уулзалтын үеэр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа үе үеийн эмэгтэйчүүдийн төлөөллийн үйл хэргийг харуулсан "Манлайллын 17 төрх" гэрэл зургийн үзэсгэлэн гарах аж.

Таны сурталчилгаа