Цаг үеийн мэдээ

Дэлхийн шатрын 45 дахь удаагийн олимпиад ирэх сарын 10-нд Унгарын Будапешт хотод эхэлнэ

13 хоног үргэлжлэх тус тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд 196, эмэгтэйчүүдийн ангилалд 186 баг оролцохоор мэдүүлэг өгчээ. Тэгвэл улсаас эрэгтэй, эмэгтэй баг өрсөлдөхөөр бэлтгэлээ базааж байна. Монголын багийг олон улсын мастер Д.Янжиндулам, дасгалжуулагч Д.Төрмөнх нар ахалж байгаа бөгөөд бүрэлдэхүүнд УАШТ-д эхний таван байрт орсон шатарчид багтжээ. Бүрэлдэхүүнийг танилцуулъя.

Эрэгтэй

1.         Олон улсын мастер Г.Амартүвшин

2.         ФИДЕ мастер Х.Итгэлт

3.         ФИДЕ мастер С.Чингүүн

4.         Олон улсын мастер М.Амилал

5.         ФИДЕ мастер Э.Баасансүрэн

Эмэгтэй

1.         Их мастер Б.Мөнгөнтуул

2.         Их мастер Д.Номин-Эрдэнэ

3.         Их мастер Т.Мөнхзул

4.         ФИДЕ мастер Э.Хүслэн

5.         Кандитат мастер Б.Мөнгөнзул нар багтав.

Монголын эрэгтэй баг олимпиадад оролцож буй багуудаас чансаагаараа 63, эмэгтэйчүүд 23 дугаарт эрэмбэлэгджээ. 45 дахь удаагийн шатрын олимпиад энэ сарын 10-нд нээлтийн ёслол, багийн ахлагч нарын уулзалтаар эхлэх бол 11-нд нэгдүгээр өргийн тоглолт болно. Харин 22-нд төгсгөлийн 11 дэх өрөг, шагнал гардуулах үйл ажиллагааг зохион байгуулснаар өндөрлөх юм.  

Монголчууд 1956 онд ОХУ-ын Москва хотод болсон XII олимпиадаас эхлэн оролцсон бөгөөд тухайн үед багийг С.Тойвгоо ахалж, Ц.Жүгдэр, Б.Жамсран, С.Мөөмөө, П.Төмөрбаатар, Д.Цэрэндагва, Н.Намжил нарын баг оролцон 34 багаас 30 дугаар байр эзэлж байжээ. Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл 27 дахь удаагаа дэлхийн шатарчдын олимпод оролцох гэж байна. Харин эмэгтэйчүүд 1963 онд Хорватын Сплит хотноо болсон олимпиадад олон улсын шүүгч Н.Намжил ахлагчтай ФИДЕ мастер Ж.Хулганаа, олон улсын мастер С.Хандсүрэн нарын бүрэлдэхүүнтэй баг анх удаа өрсөлдөн 15 багаас 11 дүгээр байрт орсон байдаг. Тэгвэл эмэгтэй шатарчид 21 дэх удаагаа олимпиадад оролцохоор бэлтгэлээ хангаж байна.

Монголын баг 2018 оны Дэлхийн шатрын олимпиадын эрэгтэй, эмэгтэй нэгдсэн дүнгээр Ази тивдээ эхний шилдэг тавд шалгарсан байдаг. Харин 2014 онд Монголын эмэгтэй баг “B“ категорид багийн дүнгээр тэргүүлж алт, 2018 онд эрэгтэй баг “C” категорид багийн дүнгээр мөнгөн медаль хүртсэн түүхтэй. Үүнээс гадна ширээний дүнгээр 1960 онд Л.Мягмарсүрэн алт, 1964, 1970 онд Т.Yйтүмэн мөнгө, 2000 онд З.Бямбаа хүрэл, 2002 онд З.Бямбаа мөнгө, 2004 онд Б.Хатанбаатар, Т.Батцэцэг нар хүрэл медалиар энгэрээ мялааж байжээ.

Манай улсаас их мастер Б.Хатанбаатар, олон улсын мастер Л.Мягмарсүрэн нар хамгийн олон буюу 10 удаа дэлхийн шатрын олимпиадад оролцжээ. 

Харин 45 дахь удаагийн олимпиадад оролцох бүрэлдэхүүнээс их мастер Б.Мөнгөнтуул 10, Д.Номин-Эрдэнэ, Т.Мөнхзул нар тус бүр гурав, Кандитат мастер Б.Мөнгөнзул, олон улсын мастер Г.Амартүвшин нар хоёр дахь удаагаа өрсөлдөх гэж байна. Харин үлдсэн таван шатарчин анх удаа дэлхийн шилдгүүд чуулдаг олимпиадад өрсөлдөж, оюун ухаанаа уралдуулна.

Таны сурталчилгаа