ОХУ өчигдөр шатахууны экспортын хоригоо 2024 оныг дуустал сунгаснаа зарласан.
Уг шийдвэр Монгол Улсад хэрхэн нөлөөлөх, шатахуун, дизелийн нөөц хэр байгаа талаар Ашигт малтмал, газрын тосны газраас мэдээлэл хүргэв. Тус газрынхны мэдээлснээр ОХУ-ын шатахууны экспортын өмнөх хоригт Монгол багтаагүй, тиймээс ямар нэгэн байдлаар нөлөөлөхгүй аж.
Шатахуун болон дизель түлшний нөөц хангалттай байгааг албаныхан мэдэгдэв. Улсын хэмжээнд шатахууны нийт үлдэгдэл 177 мянган тонн байгаа бөгөөд АИ-92 42000, дизель түлш 124000, АИ-95 4500, ТС-1 6223, А-80 шатахуун 613 тонн байна.
Баруун бүсийн шатахууны нөөц 13000, хангайн бүс 6031, төвийн бүсэд 35000, зүүн бүс 8957 тонн шатахууны үлдэгдэл нөөцтэй байгаа ажээ.
Монгол Улс 2024 он гарсаар 1.7 сая тонн газрын тосны бүтээгдэхүүн импортолсон бөгөөд үүний 572900 тонн нь АИ-92 шатахуун юм.