Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт 76 хувьтай үргэлжилж байна. Сэлбэ дэд төвийг түшиглэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороонд хэрэгжиж буй. Төслийн хүрээнд 2206 нэгж талбар буюу 158 га газрыг нөхөх олговортойгоор чөлөөлж 12 мянган айлын орон сууцыг барихаар болсон. Газар чөлөөлөлтийн ажил өнөөдрийн байдлаар 76 хувьтай үргэлжилж байна. Нийслэлийн орон сууцны корпорацаас 12 мянган айлын орон сууцыг барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зохион байгуулах бөгөөд эхний ээлжид 13 га талбайд орон сууц барих зургаан багц нээлттэй тендерийг зарлаад байгаа юм.