Морин аяллын санаачлагчид болох казакууд нийт 4000 километр замын монгол болон орос мориор туулсны эцэст манай улсын дархан хилд хүрч ирлээ. Тус аян Халх голын ялалтын түүхт 85 жилийн ойн хүрээнд, монгол, зөвлөлтийн дайчдын дурсгалыг мөнхжүүлэх зорилгоор зохион байгуулагдаж байна.
Казакууд будда, үнэн алдартны болон исламын шашны шүтээнүүдийг манай улсын сүм хийдүүдэд дамжуулан өгөхөөр авчирчээ. Уг шүтээнүүдийг ОХУ-ын шашин бүрийн тэргүүд бэлэглэжээ.
Аяллын оролцогч Казакийн атаман Сергей ПОПОВ: “Бид бол Монголын дайчин нөхдийн хамт ялалт байгуулсан баатарлаг дайчдын удам. Тиймээс хамтын ялалтын алдар гавьяаг мөнхлөх, хойч үедээ таниулан сануулах үүднээс уг морин аяллыг зохион байгуулж байна. Энэ бол түүний дээдэс, баатарлаг ард түмнүүд, дайчдын нөхөд хүнд бэрх сорилтуудыг даван байгуулсан ялалт билээ”.
Морин аяллынхан Зайсан толгой дахь зөвлөлтийн дайчдын хөшөө болон монголчуудын дунд “ялалтын маршал” хэмээн хүндлэгдсэн Георгий Константинович Жуковын хөшөөнд өргөх цэцгээ ч авчирчээ.
Аяллын оролцогчдын морьдыг Алтанбулаг боомт дээр мал эмнэлгийн хяналт шалгалт хийсний дараа Монгол Улсын нутаг дэвсгэрт нэвтрүүлэх юм.
Аяллын оролцогч Казакийн атаман Сергей ПОПОВ: “Бид одоо мал эмнэлгийн хяналт шалгалт хийлгэхээр хүлээж байна. Нутгийн ардууд бидэнд өвс тэжээлээр тусалсан. Монгол ахан дүүстээ ийнхүү тусалж байгаад туйлын байртай байна. Мөн бидэнд элгэмсэг дотно хандсан Монгол Улсын Хилийн цэргийнд их баярлалаа. Тэдний олонх нь Курган хотын хилийн цэргийн институтийг төгсжээ. Мөн олон албан хаагчдын найз нөхөд нь тус сургуулийг төгссөн тухай бидэнд хэлсэн”
Одоо ч гэсэн олон монгол залуус Курган хотын хилийн цэргийн институтийн морин цэргийн сургалтын жүчээнд атаман Сергей Поповын удирдлага дор суралцаж байна.