Цахим орчинд тархаад буй Буйр нуураас гадаадын иргэд хясаа түүсэн гэх асуудал ташаа мэдээлэл хэмээн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдэгдлээ. Мэдэгдэлд:
"Тухайн иргэний бичлэг дээр гарсан уутанд хийсэн хясаа нь нуурын усан дотроос биш, уснаас нуурын эрэг рүү түрэгдэж гарч ирсэн хясааны хавтас яс (хуяг) юм.
Мөн бүрэн нотолгоо баримтгүйгээр иргэдийг төөрөгдүүлэхгүй байхыг анхааруулж байна.
Буйр нуураас хясаа түүх асуудалд Буйр нуур-Мэнэнгийн талын сав газрын захиргааны Байгаль орчны байцаагч, Буйр нуурын экосистемийг хамгаалах, аялал жуулчлалыг хөгжүүлэх төвийн байгаль хамгаалагч нар тогтмол хяналт тавьж иргэдэд зөвлөмж мэдээлэл өгч ажиллаж байна" гэлээ.
Буйр нуурт амьдардаг дагуурын сувдан хясаа (Dahurinaia dahurica ), дэлт танан хясаа (Cristaria plicata) нь Монгол орны улаан номд орсон юм. Мөн Монгол танан хясаа (Middendorffinaia mongolica) Онон, Балж, Халх, Нөмрөг голын савд маш цөөн таардаг. Хясаа нь илтэс заламгайтны ангийн төлөөлөгч юм. Буйр нуурт 10-30 см урт, 200-1000 гр жинтэй бодгалиуд элбэг таардаг.
Хясаа нь ягаавтар өнгөтэй салбант нялцгай биетэй. Салбангаас ялгарсан шүүс нь шохойлог бодис ихээр агуулдаг. Хясаа ус цалгилах, гэрэл, харанхуйг мэдэрдэг байна. Эм хясааны өндгөн эс, эр эстэй усанд нийлж үр тогтдог.
Авгалдайн шатандаа загасны заламгайд празитлан өсөж, бие гүйцээд нуур, голын хүчилтөрөгчөөр баялаг ёроолын хэсэгт маш олон жил амьдардаг гэсэн мэдээ баримт бий. Өсөлт удаантай. Нуураас агнаж буй загасны тороор шүүгдэн хорогдохоос гадна усны бохирдол, хатаж ширгэх зэрэг байгалийн хүчин зүйлийн нөлөөгөөр тоо толгой нь ховордож байгаа тул бид хайрлан хамгаалах ёстой юм.
Нас биед хүрсэн нэг хясаа ойролцоогоор 190 литр усыг 5 цагт цэвэршүүлдэг байна. Иймээс Буйр нуураас хясаа түүж, чанаж идэж идэхгүй байхыг зөвлөж байна.
Хясаа түүж бэлтгэсэн тохиолдолд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 7.12-д заасны дагуу зөрчил үйлдэхэд ашигласан эд хөрөнгийг хураах, мөнгөн торгуул оногдуулах, нөхөн төлбөр гаргуулах, экосистемд учирсан хохирлыг нөхөн төлүүлнэ.