Цаг үеийн мэдээ

УИХ-ын Тамгын газраас  УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатарт УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарад ёс зүйн дүрмийн дагуу холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгожээ.

Учир нь УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара нь олон нийтийн сүлжээгээр өөрйн хаягаар шууд дамжуулалт хийж, бараа сурталчилж, албан болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл УИХ-ын даргаас  аваагүй, чуулганы хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй тул УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороог энэ талаар авч хэлэлцэж, арга хэмжээ авахыг үүрэгджээ.

Тодруулбал, УИХ-ын Тамгын газраас дараах үндэслэлүүдээр Ёс зүйн хариуцлага тооцхыг Ёс зүй, дэгийн байнгын хороонд үүрэгдсэн байна. 

1. Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара нь 2024 оны 8 дугаар сарын 18-ны өдөр олон нийтийн сүлжээ (фэйсбүүк) дэх өөрийн хаягаар шууд дамжуулалт хийж бараа сурталчилжээ. Энэ асуудал нь иргэд, олон нийтээс ч Улсын Их Хурлын гишүүний үүрэгт ажилд хамаарахгүй ажил эрхэлж, ёс зүйн хэм хэмжээгээ зөрчиж байна гэсэн шүүмжлэлийг дагуулж байна.

Түүнчлэн, Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара нь Улсын Их Хурлын гишүүний тангараг өргөж, бүрэн эрх нь хэрэгжсэнээс хойш удаа дараа олон сурталчилсан тул Улсын Их Хурлын Тамгын газраас Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.5.1 дэх заалтад заасан "..гишүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, туслалцаа үзүүлэх" хүрээнд Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр түүний албан өрөөнд биечлэн уулзаж, гишүүний хавсран гүйцэтгэж болох ажил, гишүүнд хориглох үйл ажиллагааны талаар танилцуулж, мэдээлэл өгч байсан болно.

2. Улсын Их Хурлын даргын 2013 оны 10 дугаар захирамжаар баталсан "Монгол Улсын Их Хурлын гишүүн гадаадад явахад мөрдөх журам"-д "Улсын Их Хурлын гишүүн албаны болон хувийн ажлаар гадаадад явах тухай бүрд зөвшөөрөл хүссэн хүсэлтээ явахаасаа ажлын таваас доошгүй өдрийн өмнө Улсын Их Хурлын даргад албан бичгээр ирүүлнэ, Улсын Их Хурлын гишүүний гадаадад явах асуудлыг холбогдох хууль тогтоомжийг үндэслэн Улсын Их Хурлын дарга захирамж гарган шийдвэрлэнэ" гэж заасан.

Харин Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара нь албаны болон хувийн ажлаар гадаадад явах зөвшөөрөл авах талаар Улсын Их Хурлын даргад ямар нэг хүсэлт гаргаагүй бөгөөд Улсын Их Хурлын даргаас зөвшөөрсөн захирамж гараагүй байхад Бүгд Найрамдах Хятад Ард Улсад зорчиж, олон нийтийн сүлжээ (фэйсбүүк) дэх өөрийн хаягаараа зар сурталчилгаа явуулсан байна.

Улсын Их Хурлын 2021 оны 105 дугаар тогтоолоор баталсан "Монгол Улсын Их Хурлын гишүүний ёс зүйн дүрэм"-ийн 3.3-т "Гишүүн өвчтэй, чөлөөтэй, албан томилолтоор ажиллахаас бусад тохиолдолд чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдаанд товлосон хугацаанд ирж оролцох үүрэгтэй" гэж заасан боловч Улсын Их Хурлын гишүүн М.Нарантуяа-Нара Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы 2024 оны 8 дугаар сарын 16, 19-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тус тус оролцоогүй байна.

 

Таны сурталчилгаа