Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар маргааш Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
Словени Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар нь Люблянагийн их сургуулийг Хууль зүйн бакалавр болон магистрын зэрэгтэй төгссөн. Мөн Вена хотын их сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалсан байна.
Тэрбээр ажлын гараагаа онгоцны үйлчлэгчээс эхэлж, Манчестер хот дахь Салфордын их сургуульд Олон улсын сэтгүүл зүйн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Улмаар Словенийн Үндэсний радио, телевиз болон POP TV-д нийт 11 жил хөтлөгч, сурвалжлагчаар ажиллажээ. Улмаар:
2001-2003 Хувийн санхүүгийн зөвлөгөө, үйлчилгээ эрхэлдэг “Aktiva Group”-ийн Олон нийт, хөрөнгө оруулагчдын харилцааны хэлтсийн дарга
2003-2004 Улсын Дээд шүүхийн сургалт, мэдээлэл харилцааны төвийн захирал
2004-2014 Иргэд, хуулийн этгээдэд хамаарах хувийн мэдээллийг хамгаалах, мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх эрх бүхий комиссар
2009-2013 Евро-полтой хамтарсан хяналтын байгууллагын Дэд Ерөнхийлөгч
2013-2014 Евро-полтой хамтарсан хяналтын байгууллагын Ерөнхийлөгч
2015-2022 Пирц Мусар болон Лемут Штрле хуулийн фермийг үүсгэн байгуулагч, хуульч, захирал
2021-2022 Словенийн Хуульчдын холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн
2022.12.23-нд Бүгд Найрамдах Словени Улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
Айлчлалын үеэр хоёр улсын Төрийн тэргүүн нар албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг чиглэлд хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.