Цаг үеийн мэдээ

Эрүүл мэндийн салбарын ирээдүйн манлайлагчдыг тасралтгүй бэлдэх зорилгоор Эрүүл мэндийн яам Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран Харвардын Анагаах ухааны их сургуулиас зохион байгуулдаг “Эрүүл мэндийн салбарын манлайлал” сэдэвт 1 жилийн хөтөлбөрт хамруулах сонгон шалгаруулалт эхлэж байна.

Дээрх хөтөлбөрийн хүрээнд 5 жилийн туршид Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт 100 залуу манлайлагчдыг бэлтгэх бөгөөд 2023-2024 онд эхний 20 хүнийг амжилттай хамруулсан болно. Энэ удаагийн 2024-2025 оны хөтөлбөрт дараагийн 20 манлайлагчдыг бэлтгэхэд бэлэн болоод байна.

Энэ жилийн хөтөлбөрийн хувьд 2024 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр эхлэн 1 жилийн хугацаанд үргэлжлэх ба сургалтын хугацаанд суралцагч 2 удаагийн семинарт биечлэн, 1 удаагийн семинарт цахим хэлбэрээр оролцох болно.

Семинар 1: 2024 оны 11 дүгээр сарын 7-10-ны өдрүүдэд Малайз Улсын Санвей Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.

Семинар 2: 2025 оны 5 дугаар сарын 5-8-ны өдрүүдэд цахим хэлбэрээр зохион байгуулагдана.

Семинар 3: 2025 оны 11 дүгээр сарын 3-6-ны өдрүүдэд Америкийн Нэгдсэн Улсын Бостон хотноо Харвардын Анагаах ухааны их сургуульд зохион байгуулагдана.

Хөтөлбөрт тавигдах шаардлага:

- Төрийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагад 1 болон түүнээс дээш жил ажилласан туршлагатай байх;

-   Эрүүл мэндийн чиглэлийн мэргэжилтэй байх;

-   Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай байх;

-   45 хүртэл настай байна.

Бүрдүүлэх материал: Бүх материалыг англи хэл дээр бүрдүүлэхийг анхаарна уу.

-   Товч намтар (CV);

-   Анкет;

- Боловсролын зэргийг нотлох диплом, дүнгийн хуудасны хуулбар /Нотариатаар баталгаажуулах/;

-   Эсээ /Хөтөлбөрт хамрагдах тухай 350-500 үгтэй байна/

-   Одоогийн эсхүл өмнөх ажил олгогчийн дэмжсэн захидал (Reference letter);

-   Ажил байдлын тодорхойлолт.                

Материал хүлээн авах эцсийн хугацаа: 2024 оны 8 дугаар сарын 26-ны 15:00 цаг хүртэл.

Сонгон шалгаруулалт 2 үе шаттай явагдана.

1-р үе шат: 2024 оны 8 дугаар сарын 19-26-ны өдрүүдэд анкет болон холбогдох баримт бичгийг хүлээн авна.

/Анкет болон холбогдох баримт бичгийг албажуулан pdf форматад оруулж, нэг файл болгон өөрийн овог нэрээр хадгалан [email protected] имэйл хаягт заасан хугацаанд ирүүлнэ үү/

2-р үе шат: Зөвхөн 1-р үе шатанд тэнцсэн оролцогчдод ярилцлагын цаг болон бусад мэдээллийг цахим хаягаар мэдэгдэх болно.

Сонгон шалгаруулалтад тэнцсэн 20 оролцогчдыг сургалтын төлбөр болох 15,900 ам.доллароос чөлөөлнө.

Жич: Тэтгэлэгт хөтөлбөрт оролцох хүмүүс зөвхөн Эрүүл мэндийн яамаар дамжуулан бүртгүүлэх болохыг анхаарна уу. Харвардын Анагаах ухааны сургуулиас хувь хүнд хандсан урилгыг хүлээн авахгүй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу:

https://postgraduateeducation.hms.harvard.edu/certificate-programs/leadership-medicine-program-sunway-university

Анкетыг дараах холбоосоор татаж авна уу.

https://drive.google.com/drive/u/0/folders/1ovhVDLFBDdZAgk0r-4JSuN_0BbUgvfc4

Таны сурталчилгаа