Цаг үеийн мэдээ

Иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу Архангай аймгийн Өгийн нуур, Хэнтий аймгийн Аварга тосон нуур, Увс аймгийн Хяргас нуур орчимд амралт, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхлэгч 49 аж ахуйн нэгж, 152 эко гэрийг хяналт шалгалтад хамрууллаа.

Дээрх нууруудын орчимд эко гэр ажиллуулж буй иргэдийн ашиглаж байсан модон жорлонгуудыг өнгөрсөн онд буулгасан. Улмаар эко гэр ажиллуулж байсан иргэд соруулдаг бие засах газар нэртэйгээр бетонон кольцотой модон жорлонгуудыг дахин барьж байгуулсан. Гэвч эдгээр жорлонгуудын бохир дүүрсэн үед соруулах машин хүрэлцээгүй, аялагчдын ачаалалттай үед ашиглах боломжгүй болдог.  Мөн зөвшөөрөлгүй олон гэр, шовгор барьж байгуулснаас нуурын эрэг орчмын даац хэтэрч хөрсний болон нуурын бохирдол үүсгэх нөхцөлийн нэг болж байна. 

Иймээс хяналт шалгалт хийсэн аймгийн Байгаль орчны газраас тухайн нуурын орчим үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжүүдэд хугацаатай албан шаардлага хүргүүлж, торгох шийтгэл оногдуулжээ. Мөн стандартын шаардлага хангаагүй нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 45 нүхэн жорлонг буулгуулж, 80 орчим тонн хог хаягдлыг цэвэрлүүлж, гүйцэтгэлд нь хяналт тавин ажиллаж байна.

Таны сурталчилгаа