Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар 2024 оны 08 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд  төрийн айлчлал хийж байна.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн “Монгол, Словенийн Хамтарсан тунхаглал”-д гарын үсэг зурлаа.

“МОНГОЛ, СЛОВЕНИЙН ХАМТАРСАН ТУНХАГЛАЛ”

Төрийн тэргүүн нар энх тайван, аюулгүй байдлыг хангах, тогтвортой хөгжлийг цогцлоох, уур амьсгалын зохистой байдал, хүн бүрийн эрхийг хангах, тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын алдагдал, цөлжилттэй тэмцэх, хүнсний аюулгүй байдлыг хангах зэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, нийгмийн бүх салбарт жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг дэмжихэд чиглэсэн олон улсын хүч чармайлтад хувь нэмрээ оруулах санал, санаачилгыг дэмжиж байгаагаа нотоллоо.

Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлого, “Гуравдагч хөрш”-ийн бодлого болон Бүгд Найрамдах Словени Улсын энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэл, хоёр талын сайн харилцаа, НҮБ төвтэй  олон талт тогтолцооны төлөөх хүчин чармайлтыг уялдуулж, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцов.

“АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ МОНГОЛ УЛСЫН СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ, БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, СПОРТЫН ЯАМ ХООРОНДЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, жуулчдын тоог нэмэгдүүлэх, олон улсад өрсөлдөх чадвар бүхий тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээ, боломжийг эрэлхийлсэн хамтарсан судалгаа хийх, аялал жуулчлалын маркетинг, сурталчилгааг эрчимжүүлэх, эко аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгалийн баялаг, соёлын өвийг хамгаалах чиглэлээр хамтарна.

“АГААРЫН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ЗАСГИЙН ГАЗАР ХООРОНДЫН ХЭЛЭЛЦЭЭР БАЙГУУЛАХ АСУУДЛААРХ ЭРМЭЛЗЛИЙН ЗАХИДАЛ”

Нислэг үйлдэх эрх зүйн орчин бүрдэх, иргэд, аж ахуйн нэгжийн зорчих хөдөлгөөнийг хөнгөвчлөх, худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа хөгжих ач холбогдолтой. Талууд ойрын хугацаанд Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурж, хэрэгжүүлж  эхлэхээр  тохиролцлоо.

“ОЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ТУХАЙ ОЙН ГАЗАР БОЛОН БҮГД НАЙРАМДАХ СЛОВЕНИ УЛСЫН ОЙН АЛБА, ОЙН ХҮРЭЭЛЭН ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Тогтвортой, урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлж, ойн аж ахуй, ойн тогтвортой менежментийг хөгжүүлнэ. Цөлжилт, хөрсний доройтол, элэгдэлтэй тэмцэх зорилгоор мод тарих, ойжуулах, ойг нөхөн сэргээх чиглэлээр туршлага солилцох, агро-ойн аж ахуйн шилдэг технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, ойг эдийн засаг, аялал жуулчлал, нийгэм, соёлын салбарын зориулалтаар ашиглах нөөц, боломжийг бүрдүүлж, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хувь нэмэр оруулна.    

“МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ БОЛОН СЛОВЕНИЙН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМ ХООРОНДЫН ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ”

Хамтын ажиллагааг өргөжүүлэх, бизнес уулзалт, форум зохион байгуулах, хөрөнгө оруулалт, бизнесийн төсөл хөтөлбөрүүдийг дэмжинэ. Гарааны бизнес, жижиг дунд үйлдвэрүүдийг дэмжиж, аж үйлдвэрийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэн, бизнесүүдэд зөвлөгөө, зөвлөмж өгч,  хамтарсан бизнес уулзалт болон бусад арга хэмжээ зохион байгуулж, бизнес эрхлэгчдийг холбоно.

Таны сурталчилгаа