ХААН банк сан, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Гуравдугаар Төв эмнэлэг, МҮОНРТВ хамтран уламжлалт "Цусны даралт ихсэлтийн эсрэг аян-2024"-ийг эхлүүлээд байна. Аян 2024 оны 8 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдаж байна.
Сүүлийн 20 жилийн хугацаанд Монгол улсын хүн амын өвчлөл, нас баралтын шалтгааны дотор халдварт бус өвчин (ХБӨ) зонхилж, хүн амын дундах нас баралтын 71% нь ХБӨ-ний шалтгаантай байгаа бөгөөд үүний 33% нь харьцангуй сэргийлж болох өвчлөл эзэлж байгаа юм.
Хэнтий аймгийн хүн амын өвчлөл нас баралтын 8,1%-ийг артерийн даралт ихсэлт, ишеми, зүрхний хэрх зэрэг өвчлөлүүд эзлэж байна.
Тус аяны хүрээнд НЭМҮТ-ийн ЭМДМА-ны мэргэжилтэн Х.Бямбасүрэн, Ч.Анаргоо, С.Гантогтох, Б.Амирлан нар Хэнтий аймгийн ЭМГ, БОЭТ, ӨСЭМТ-ийн 30 эмч мэргэжилтнүүдтэй хамтран Хэнтий аймагт 2024 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Ццусны даралт ихсэлт өвчний эрсдэлт хүчин зүйлсийг илрүүлэх үнэлгээг 40-өөс доош насны 83 хүнд, мөн зүрх судасны өвчнөөр ойрын 10 жилд өвчлөх эрсдэлийг тогтоох үнэлгээг 40-өөс дээш насны 564 хүнд хийж, бие бялдрын бүрдмэл үнэлгээ (танита аппаратаар хүний биеийн бүтцийг тодорхойлох шинжилгээ)-нд 502 хүнийг хамруулан, "Эрүүл амьдралын хэв маяг" сургалт, зөвлөгөөг 502 хүнд өгч давхардсан тоогоор 1651 хүнд эрт илрүүлэг, эрүүл мэндийн үнэлгээ хийж, эрүүл мэндийн боловсрол олгох зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байна.
Аяны хүрээнд орон нутгийн эмч мэргэжилтнүүд болон сайн дурын идэвхтнээр бэлтгэгдэж байгаа ХААН банкны орон нутгийн салбарын ажилтнуудад зориулсан цусны даралт ихсэлтийн оношилгоо, эмчилгээний шинэчлэн батлагдсан удирдамж заавар, тархины харвалт, зүрхний шигдээсний эрсдэлийн үнэлгээ хийх арга аргачлалын сургалт зохион байгуулагдлаа.
Түүнчлэн олон нийтийн дунд цусны даралт ихсэлтийн талаар мэдлэг олгох, эрүүл мэндийн боловсрол, амьдралын зөв дадал хандлагатай байхын ач холбогдлыг сурталчлах томоохон нөлөөллийн ажлыг зохион байгуулж байгаа нь энэхүү аяны онцлог үйл ажиллагаа юм.