Монгол Улсын Шинжлэх ухаан Технологийн их сургууль, БНСУ-ын Гунжүгийн Үндэсний их сургуультай хамтран хэрэгжүүлж буй соёлын өвийг хадгалалт хамгаалалтын технологийн мэргэжилтэн бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд “Монголын соёлын өвийн биет өвийн хадгалалт хамгаалалт, тогтвортой орчин, био гэмтэл, эрсдэл, түүнээс хамгаалах арга зам” сэдэвт сургалтыг 2024 оны 8 дугаар сарын 13-16-ны өдрүүдэд Чингис хаан Үндэсний музей дээр зохион байгууллаа.
Сургалтаар Бүгд Найрамдах Солонгос улсын Гунжүгийн Үндэсний Их сургуулийн тэргүүлэх эрдэмтэн профессорууд Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалтын шинжлэх ухааны онол, Консервацын ёс зүйн зарчим, Соёлын өвийг хадгалах зохист орчин бүрдүүлэхэд - Нөхцөл байдлын дүн шинжилгээ хийх, Биологийн орчны задралын онцлогийг судлахын ач холбогдол, Орчин үеийн шилдэг арга зүй IPM системийн талаар болон Соёлын өвийг дижитал технологиор хэрхэн тайлбарлах, сэргээн засварлах чиглэлийн онон практик хослуулан 3 бүлэг хичээл орж, соёлын өвийн хадгалалт, хамгаалалтын чиглэлээр нэн чухал мэдлэг мэдээллийг төрийн болон орон нутгийн өмчийн 32 музейн сан хөмрөгч, бүртгэл мэдээллийн санч 92 албан хаагчдад олголоо.