Азийн улс төрийн намуудын олон улсын бага хурал (ICAPP)-ын Эмэгтэйчүүдийн жигүүрийн VIII хуралдаан Улаанбаатар хотноо энэ сарын 18-19-нд амжилттай болж өндөрлөлөө.
Энэ удаагийн хуралдаанд Ази тивийн 14 улсын 20 гаруй улс төрийн намын эмэгтэй гишүүдийн төлөөлөл оролцов. Хурлаар Азийн улс төрийн намууд хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, жендерийн эрх тэгш байдлыг шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, дуу хоолой, тэгш боломж, тэгш оролцоог хангах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Энэ удаагийн хуралдаанаар Улаанбаатарын тунхагийг баталснаараа онцлог байв. УИХ-ын гишүүн О.Номинчимэг “Хуралдаанаар эмэгтэйчүүдийн өмнө тулгамдсан олон сэдвээр санал солилцсон нь үр дүнтэй байлаа. Бид манлайллаас гадна эрүүл мэнд, ажлын байрны аюулгүй байдлыг хөндөн хэлэлцлээ. Энэ чиглэлээр нэгдсэн стратегитай болбол бүс нутагт эмэгтэйчүүдийг хүчирхэгжинэ. Эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэхийн тулд боловсрол, эрүүл мэнд, гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ бол улс төрийн намуудын гол чиглэл, зорилго байх ёстой” хэмээн Улаанбаатарын тунхаг баримт бичгийн агуулгыг танилцуулсан юм.
ICAPP нь Азийн 50 гаруй орны 350 гаруй улс төрийн намыг эгнээндээ нэгтгэсэн, улс төрийн олон өөр үзэл баримтлалтай намуудын хамтын ажиллагааг таниулан сурталчлах, улс орнуудын итгэлцэл, харилцан ойлголцлыг сайжруулж, улс төрийн намуудын бүсийн хамтын ажиллагааны харилцааг идэвхжүүлэх зорилготой дэлхийн хэмжээний байгууллага юм. БНСУ-ын Сөүл хотноо төвтэй Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурал (ICAPP)-д улс төрийн намууд үзэл баримтлал хамаарахгүйгээр нэгдсэнээрээ онцлогтой. Манай улсаас хамгийн анх МАН 2004 оноос тус байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, 2013 оноос эхлэн Байнгын хорооны гишүүнээр сонгогдсон.
Азийн улс төрийн намуудын олон улсын Бага хурлын салбар хуралдааныг өнгөрсөн жил мөн зохион байгуулсан бөгөөд Эмэгтэйчүүдийн байгууллагын тэргүүнээр МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч Ч.Номинг сонгогдон ажиллаж байна.