Монголын Үндэсний олимпын хорооноос мэдэгдэл гаргалаа. Уг мэдэгдэлд:
Өнөөдөр буюу 2024 оны наймдугаар сарын 20-ны өдөр УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан “Олимпын хороо олимпын төлөө биш хэдэн дарга нарыг гэр бүлтэй нь олимп үзүүлдэг байгууллага юм байна” гэх зэргээр МҮОХ-ны нэр хүндэд илтэд халдсан мэдэгдэл хийсэнд харамсаж байна.
МҮОХ нь Монгол улс дахь олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилго бүхий ТББ бөгөөд олимпын наадмын мандат олгох ажил нь холбогдох байгууллагууд, спорт холбоодын хүсэлт, дүрэм журмын дагуу явагддаг үйл ажиллагаа юм.
Мөн МҮОХ нь улсын төсвийн хөрөнгөөр санхүүждэггүй ба үйл ажиллагаа, санхүүгийн тайлангаа гишүүддээ болон хяналт шалгалтын байгууллагуудад нээлттэй тайлагнаж, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг болохыг үүгээр мэдэгдэж байна.
МҮОХ-ны зүгээс УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхланг Хан-Уул дүүргийн засаг даргаар ажиллаж байх хугацаанд тус дүүргийн нутаг дэвсгэр дэх МҮОХ-ны газрыг зориулалтын бусаар ашиглаж байгааг эсэргүүцэн газар дээрээ спортын цогцолбор, цэнгэлдэх хүрээлэн байгуулах зэргээр спортын зориулалтаар нь ашиглах хүсэлтийг удаа дараа илгээж, холбогдох байгууллагуудад мэдэгдсэн ч өнөөдрийг хүртэл тодорхой шийдвэр гараагүй байна.
Олимпын хартын 27.6-д “Үндэсний олимпын хороод нь Олимпын хартын дагуу бүрэн бие даасан байж, улс төр, хууль эрх зүй, шашин, бизнесийн аливаа шахалтаас ангид байна” хэмээн заасан байдаг. Иймд эрхэм гишүүн Ж.Алдаржавхлан таныг улс төрөөс ангид спортын байгууллагын үйл ажиллагааг улс төржүүлэн нэр хүндэд нь халдсан мэдээлэл тараах бус спорт олимпизмын үзэл санааг жинхэнэ утгаар нь дэмжиж, хамтран ажиллахыг хүсье" гэжээ.