Бүгд Найрамдах Узбекистан улсаас Монгол Улсад суугаа (Бээжин хотноо суух) Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Фарход Арзиевыг өнөөдөр (2024.08.20) Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.
Өнгөрөгч зургадугаар сард тус улсад төрийн айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн айлчлалын хүрээнд үзэглэсэн баримт бичгүүд, яриа хэлэлцээг бодит ажил хэрэг болгохоор талууд шуурхай ажиллаж байгааг Шадар сайд С.Амарсайхан уулзалтын эхэнд онцлоод шинээр бүрэлдсэн хамтарсан Засгийн газрын Шадар сайдын хувьд Монгол, Узбекистаны Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар томилогдсоноо дуулгалаа.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд талууд харилцан тохиролцсоны дагуу Узбекистаны худалдааны төвийг Монголд байгуулахаар “Шинэ Зуунмод” хотын орчимд газрын асуудлыг шийдвэрлэсэн. Ирэх дөрвөн жилд Засгийн газар Бүсчилсэн хөгжлийн асуудалд голлон анхаарч байгаа бөгөөд энэ хүрээнд “Шинэ Зуунмод” хотыг Хөшигийн хөндийд байгуулах, мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэн Худалдаа, эдийн засгийн чөлөөт бүс байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Энэ бүс нутагт Узбекистаны худалдааны төвийг байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бодитоор нэмэгдэнэ” хэмээв.
Монгол Улс төв Азийн бүс нутагт эдийн засаг, худалдааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хамтрагч болох Узбекистан Улстай Агаарын болон Газрын тээврийн харилцааны хэлэлцээрүүдийг байгуулсан бөгөөд хоёр улсын агаарын тээвэрлэгчдэд шууд нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлэхийн зэрэгцээ худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцлон тэмдэглэлээ.