Цаг үеийн мэдээ

Хөдөлмөрийн хувийн биржүүдийн өнөөгийн нөхцөл байдалтай /2024.08.20/ салбарын сайд танилцлаа. 

Арөбайт инлёг ХХК-ийн цагийн ажлын биржүүд өдөрт 600 гаруй иргэнийг ажилд зуучилдаг тухай тус компанийн захирал Мөнхөө Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалантай уулзах үеэр хэлж байв. 2018 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж, нийслэлд 11 салбар агенттай болсон тус биржийн Баянгол дүүргийн салбарт өглөө 07 цагт очиход ажил хэдийнээ эхэлсэн байлаа.  

Цагийн ажлын хөдөлмөрийн бирж, мэргэжлийн сургалт, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн  сургалт зохион байгуулдаг аж ахуй нэгж, олон улсын ур чадвар үнэлдэг байгууллагуудын өнөөгийн нөхцөл байдалтай өнөөдөр танилцсан.

Цагийн ажлын хөдөлмөрийн биржээр оюутан сурагч, ахмад настнууд, бүтэн цагийн ажил хийх боломжгүй иргэдийг ур чадварынх нь онцлогт тохирсон, цагийн уян хатан нөхцөлтэй ажилд зуучилдаг юм байна. Хамгийн том давуу тал нь ажил олгогчоос цалин хөлсийг дундын дансанд хуримтлуулан, ажил гүйцэтгэж дууссаны дараа бүрэн олгодог тул иргэд итгэлтэйгээр, тогтмол үйлчлүүлдэг гэлээ.

Цаашид үйл ажиллагааг нь БҮСЧЛЭН ХӨГЖҮҮЛЖ, орон нутагт салбаруудаа нээн, байнгын ажлын байранд зуучилж, нийгмийн даатгалын, эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг сурталчлан таниулахад хамтран ажиллахаар тохиролцлоо. 

Дараа нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн үйл ажиллагаатай танилцав. Тэд нягтлан бодох бүртгэл, оёдолчин, хүний нөөцийн болон бичиг хэргийн гэх мэт тусгай мэргэжлээр ажилтнууд бэлтгэж, байнгын ажлын байранд зуучилдаг юм байна.

Сайд Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ажиллаж байхдаа МСҮТ-ийн сургалтын үйл ажиллагаанд анхаарч дэмжлэг үзүүлж ажиллаж байсан бөгөөд цаашдаа ч бодлогын хувьд дэмжин, үйл ажиллагааг нь тасралтгүй, хүнд сурталгүй явуулахад анхаарна гэдгээ хэллээ.

Үйл ажиллагаатай нь танилцсан дараагийн газар “Юнайтед карьер консалтинг” ХХК байлаа. Тус компани олон улсын стандартаар баталгаажсан сэтгэл зүйн үнэлгээг ашиглан, хүний ур чадварыг нээн хөгжүүлэхэд мэргэжлийн дэмжлэг үзүүлдэг зөвлөх үйлчилгээний байгууллага гэлээ. Мэргэжлээ сонгох гэж буй сурагч, оюутнуудаас эхлэн, хөдөлмөрийн насныхан ч ур чадвараа үнэлүүлэх боломжтой юм байна. 

Төр, хувийн хэвшлийн байгууллага бүр ажилтныхаа ур чадварыг үнэлүүлж, багаа зөв бүрдүүлснээр ажлын бүтээмж, үр дүн нэмэгдэх ач холбогдолтой.

Тэд АЛБАН БИЧИГ, ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛӨӨР дарамтлан хүнд суртал үзүүлэх, сургалт эрхлэх зөвшөөрөл, санхүүжилт хүсэхэд  АВЛИГА, ХЭЭЛ ХАХУУЛЬ НЭХДЭГ хууль бус үйлдлийг таслан зогсоож өгөхийг салбарын сайдаас хүсэж байсан. 

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан “Цаашид хөдөлмөрийн хувийн бирж, сургалтын төвүүдийг төрөөс дэмжиж хууль бус үйлдлийг таслан зогсооход онцгой анхаарна. Мөн ажлын байрны нээлттэй өдөрлөгийг жилд 1-2 удаа үр дүнтэйгээр, хувийн хэвшлээ эрх тэгш хамруулан зохион байгуулж, төр хувийн хэвшлийн уялдаа холбоог хангаж ХАЛАМЖААС ХӨДӨЛМӨРТ бодлогоо үр дүнд хүргэхээр ажиллаж байна” гэлээ.

Таны сурталчилгаа