Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран Улаанбаатар хотноо зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалтыг нээлээ.

Чуулга уулзалтыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж үг хэлсэн юм. Мөн Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Орлогч Амина Мохаммед, Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Ерөнхийлөгч Б.Оюунгэрэл тус тус үг хэлэв. Тус чуулга уулзалт нь Монгол Улс дэлхийн тавцанд жендэрийн тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэхийн төлөө хэрэгжүүлж буй санал санаачилга, үйл ажиллагаагаа дахин нотолж буй хэрэг бөгөөд олон улс орны төр, засгийн, олон улсын байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид, нийгмийн зүтгэлтнүүд зэрэг эмэгтэй манлайлагчид оролцож байна.

Чуулга уулзалт үндсэн хуралдаанаас гадна зургаан салбар хуралдаан, нээлт, хаалт гэсэн хэсгээс бүрдэж буй. Үүнд,

-Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо

-Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг

-Дижитал эдийн засаг дахь эмэгтэйчүүдийн оролцоо

-Жендэрийн тэгш эдийн засаг

-Эмэгтэйчүүд, охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө

-Спорт, урлаг, соёлын салбар дахь жендэрийн тэгш байдал юм. 

Улаанбаатар хотноо хоёр өдөр үргэлжлэх чуулга уулзалтаар салбар хуралдааны зөвлөмжүүдийг нэгтгэн, төгсгөлийн баримт бичиг гаргана.

Чуулга уулзалтын хүрээнд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилгуудыг хэрэгжүүлэхэд гар бие оролцож байгаа үе үеийн төлөөлөл болсон эмэгтэйчүүдийн үйл хэргийг харуулсан “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэн гарах юм.

Таны сурталчилгаа