Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, НҮБ хамтран анх удаа зохион байгуулж буй “Ногоон ирээдүйн төлөө” сэдэвт Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт Төрийн ордонд эхэллээ.
Чуулга уулзалтад дэлхийн 19 улсын төр, засгийн тэргүүн, хууль тогтоох байгууллагын дарга, сайд, олон улсын 20 орчим байгууллага, олон улсын төрийн бус байгууллага болон бизнес, спорт, урлаг зэрэг салбарын эмэгтэй манлайлагчид оролцож байна.
Тухайлбал Монгол Улсад төрийн айлчлал хийж буй Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммед, НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудын төлөөлөгчид, Лаос Улсын дэд ерөнхийлөгч, Болгар Улсын парламентын орлогч дарга, Киргиз Улсын тэргүүн хатагтай, Швейцар, Беларусь, Узбекистан, БНХАУ, ОХУ, АНУ, Япон, Франц, Австрали, Турк, Куба, ИБУИНХУ болон Олон улсын улаан загалмайн холбоо зэрэг байгууллагын өндөр албан тушаалтнууд хүрэлцэн иржээ.
Чуулга уулзалтаар:
Байгаль орчинд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо,
Тогтвортой ирээдүй: Хүнсний тогтолцоог бүрдүүлэхэд эмэгтэйчүүдийн үүрэг,
Цахим эдийн засаг дахь энтрепренер эмэгтэйчүүдийн оролцоо,
Жендерийн тэгш эдийн засаг,
Эмэгтэйчүүд охидыг чадавхжуулахад боловсролын ач холбогдол, нөлөө,
Спорт, урлаг, соёлын салбар дахь жендерийн тэгш байдал зэрэг сэдвээр илтгэл сонсож хэлэлцэнэ.
Чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ:
“Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид өө,
Эрхэмсэг хатагтай, ноёд оо,
Мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад морилон саатаж, бидний санаачлан зохион байгуулж буй Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн салбар салбарын манлайлагч эмэгтэйчүүд Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.
Ирэх сард болох Ирээдүйн асуудлаарх дээд түвшний уулзалт, 2025 онд тэмдэглэх “Бээжин+30” болон НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоолын 25 жилийн ойн бэлтгэлийг хангаж буй энэ үед Монгол Улс Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Чуулга уулзалтыг хамтран зохион байгуулж буй НҮБ, түүний системийн болон төрөлжсөн байгууллагууд, дэмжлэг үзүүлсэн бусад бүх байгууллагын удирдлага, хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Аливаа улс үндэстний эв найрамдал, хөгжил цэцэглэлт, гэр бүлийн сайн сайхан бүхэнд эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал байдгийн адил даян дэлхийн энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, шударга, энэрэнгүй нийгмийг цогцлооход эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагчдын үүрэг оролцоо асар чухал юм.
Дэлхийн улс орнуудын баталсан Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх хугацааны талаас илүү хувь нь өнгөрөөд байхад жендерийн эрх тэгш байдлыг хангах 5 дугаар зорилтын хэрэгжилт хангалтгүй хэвээр байна.
Хэдийгээр энэ чиглэлээр дэлхийн улс орнууд тодорхой ахиц дэвшил гаргаж байгаа ч хэрэгжилт нь төдийлөн хангалтгүй байгааг олон улсын байгууллагууд анхааруулжээ.
ОУВС-ийн судалгаагаар олон улс оронд эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог хязгаарласан эрх зүйн зохицуулалтууд байсаар байгаа төдийгүй шийдвэр гаргах түвшинд ч эмэгтэйчүүдийн эзлэх хувь эрэгтэйчүүдээс бага хэвээр байна.
Тухайлбал, энэ оны зургаадугаар сарын байдлаар дэлхийн 26 улсын төр, засгийг эмэгтэйчүүд удирдаж байгаа бөгөөд дэлхийн улс орнуудын парламентын гишүүдийн 26.5 хувь, сайдын түвшний албан тушаалын 22 хувийг эмэгтэйчүүд хашиж байна.
Мөн эмэгтэйчүүд албан бус, цалин хөлсгүй ажил хөдөлмөр эрхлэгчдийн дийлэнхийг эзэлж байгаагийн зэрэгцээ эрчүүдээс дунджаар 12 орчим хувиар бага цалин хөлс авч байна. Хэрэв улс орнууд жендерийн эрх тэгш байдлыг бүрэн хангаж чадвал дэлхийн эдийн засаг 23 хувиар тэлэх боломжтой болохыг ОУВС-ийн судалгаанд дурджээ.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Хатагтай, ноёд оо,
Монголчууд бид эрт цагаас эх хүнийг ижий бурхан хэмээн хүндлэн дээдэлж ирсэн бөгөөд төрийн үйл хэрэг, улс хоорондын дипломат харилцаанд бүсгүй хүний хатан ухаан, торгон мэдрэмж, нинжин сэтгэл чухал үүрэг гүйцэтгэж ирсэн тухай түүх шастирт тэмдэглэн үлдээсэн байдаг.
Манай улс энэ түүхэн уламжлалаа улам бүр баяжуулан хөгжүүлж, үндэсний хэмжээнд салбар бүрд, бүх түвшинд эмэгтэйчүүдийн тэгш оролцоог хангах нөхцөлийг бүрдүүлж, бүс нутагтаа манлайлал үзүүлэн ажиллахыг зорьж байна.
Монгол Улс одоогоос 100 жилийн өмнө баталсан анхдугаар Үндсэн хуульдаа эрэгтэй, эмэгтэй хүн эрх тэгш хэмээн үзэж, эмэгтэйчүүдийн улс төрийн эрхийг хүлээн зөвшөөрч, сонгох, сонгогдох эрхийг баталгаажуулсан Ази тивийн анхдагч улс болсон билээ.
Мөн Монголын эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах анхны төрийн бус байгууллага болох Монголын эмэгтэйчүүдийн холбоо үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож байгааг тэмдэглэхэд таатай байна.
Монгол Улс эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо, тэдний парламентад сонгогдох боломжийг нэмэгдүүлэх үүднээс эрх зүйн орчныг сайжруулснаар УИХ-д 32 эмэгтэй сонгогдож, нийт гишүүний 25 хувийг бүрдүүлсэн нь Ази тивдээ парламент дахь эмэгтэй гишүүдийн төлөөллөөр тэргүүлэх үзүүлэлт боллоо.
Монгол Улс охид, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, жендерийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр олон улсын гэрээ, конвенц, санаачилгад нэгдэн орж, НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Эмэгтэйчүүдийн аж байдлын комиссын гишүүнээр сонгогдон, “Хөдөөгийн эмэгтэйчүүд, охидын аж байдлыг сайжруулах тухай” тогтоол санаачлан НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганаар 1997 оноос хойш хоёр жил тутам батлуулж ирлээ.
Монгол Улс сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд идэвхтэй оролцож, 20 гаруй мянган цэнхэр дуулгатан, цэрэг дайчдаа хүн төрөлхтний энх тайван, аюулгүй байдлын төлөөх үйлсэд дэлхийн халуун цэгүүдэд илгээн, эмэгтэй энхийг сахиулагчдын тоогоороо цэрэг хандивлагч 120 гаруй улсын эхний 18-д эрэмбэлэгдэж байна.
Цаашид бид НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 2000 онд баталсан “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын тухай” 1325 дугаар тогтоол, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн 2018 онд дэвшүүлсэн “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгыг бүх талаар дэмжин, олон улсын энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлэхийн төлөө идэвхтэй ажиллах болно.
Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,
Хүн төрөлхтөн уур амьсгалын өөрчлөлт эрчимжсэн, цар тахал, дайн тулаан, зэвсэгт мөргөлдөөнтэй хүндхэн цаг үеийг хамтдаа туулж байна. Ковид-19 цар тахлаар хүн төрөлхтөн 7 сая гаруй хүнээ алдсан билээ.
Мөн уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшиг, геополитикийн зөрчил, мөргөлдөөнөөс шалтгаалан сүүлийн 16 сарын хугацаанд 120 гаруй сая хүн орон гэр, эх орноо орхин дүрвэсэн мэдээтэй байна.
Нэн ялангуяа уур амьсгалын өөрчлөлтөөс болж дүрвэсэн хүмүүсийн 80 орчим хувь нь хүүхэд, эмэгтэйчүүд байгааг НҮБ-ын Байгаль орчны судалгаанд дурджээ. Дэлхийн цаг уурын байгууллагаас өнгөрсөн долоодугаар сарыг дэлхийн хамгийн халуун хоёр сарын нэгээр тэмдэглэснийг зарлалаа.
Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хомсдол, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол, ган гачиг, үер усны аюул зэрэг нь хүн төрөлхтнөөс асар их хүчин чармайлт, үр дүнтэй хамтын ажиллагааг улам ихээр шаардах боллоо.
Уур амьсгалын өөрчлөлт нь дэлхийн хүн бүрд нөлөөлж байгаа хэдий ч нөлөөлөл нь нас хүйс, үндэс угсаа, нийгэм эдийн засгийн бусад хүчин зүйлсээс шалтгаалан харилцан адилгүй байгаа бөгөөд ялангуяа, охид, эмэгтэйчүүд уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөлөлд илүү их өртөж байна.
Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтөд илүү өртөмтгий хүнс, хөдөө аж ахуйн салбарт охид, эмэгтэйчүүд голлон ажиллаж байгаа нь тэдэнд илүү хүндээр тусдаг.
НҮБ-ын эмэгтэйчүүдийн байгууллагын судалгаагаар хэрэв дэлхий уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах зорилтдоо хүрч чадахгүй бол 2050 он хүртэл 160 сая орчим охид, эмэгтэйчүүд шинээр ядууралд өртөж, 240 сая орчим охид, эмэгтэйчүүдийн хүнсний аюулгүй байдал алдагдах эрсдэлтэй байгааг анхааруулжээ.
Эх газрын эрс тэс уур амьсгалтай манай орон уур амьсгалын өөрчлөлтөд ихээр өртөж байгаа улсуудын нэг. Агаарын дундаж температур сүүлийн 80 жилд 2.25 хувиар өссөн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.
Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд цаг агаарын гаралтай гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдэж, жил бүр манай улсын нийт хүн амын найман хувийн ахуй амьдралд сөргөөр нөлөөлөн, ДНБ-ий 0.6 хувьтай тэнцэх хэмжээний эдийн засгийн хохирол учруулдаг гэсэн судалгааны үр дүн байдаг.
Уур амьсгалын өөрчлөлт, хөрсний доройтол, цөлжилт, шороон шуурга, ган зуд нь бидний уламжлалт мал аж ахуйд хүндээр тусч, улмаар нүүдлийн соёл иргэншлийг хадгалан хамгаалахад томоохон сорилт болж байна.
Тиймээс Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн”, “Цагаан алт” зэрэг томоохон хөдөлгөөнийг өрнүүлж байна.
Мөн 2026 онд “Цөлжилтийн тухай НҮБ-ын конвенц”-ын талуудын 17 дугаар бага хурал”-ыг Монгол Улс хүлээн авч зохион байгуулахаар бэлтгэлээ хангаж байна.
Монгол Улс ирэх 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолыг санаачлан батлууллаа.
Парисын хэлэлцээрийн хэрэгжилтийн тайланд Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх конвенц, Биологийн олон янз байдлын тухай болон Цөлжилттэй тэмцэх конвенцын уялдаа холбоог сайжруулах, түүнийг хэрэгжүүлэхэд жендерийн эрх тэгш байдлыг хангаж, эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхийг зөвлөмж болгосон.
Нэн ялангуяа охид, эмэгтэйчүүдийн боловсрол, ур чадварыг сайжруулах нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах нэг гол чиглэл билээ.
Дэлхий даяар бага, дунд боловсролд охидын хамрагдах, бичиг үсэг тайлагдсан байдал нэмэгдэж байгаа хэдий ч НҮБ-ын Хүүхдийн сангийн мэдээлснээр дэлхий дээр 120 гаруй сая охид боловсрол эзэмших эрхээ эдэлж чаддаггүй.
Манай улсын хувьд бүх шатны боловсрол олгох сургалтад эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олон байдаг хэдий ч эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэхэд анхаарах шаардлагатай байна.
Удахгүй болох НҮБ-ын Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалтаар хэлэлцэх “Ирээдүйн төлөөх гэрээ” баримт бичигт эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, тэдний манлайлал, улс төрийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний эдийн засгийн чадавхыг сайжруулах зэрэг чухал асуудлыг тусгаж байгаа нь нэн сайшаалтай.
Эрхэм хүндэт зочид, төлөөлөгчид,
Хатагтай, ноёд оо,
Дэлхийн энх тайван, аюулгүй байдал, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, хүнсний аюулгүй байдал зэрэг тулгамдаж буй олон сорилт, бэрхшээлийг даван туулахад охид, эмэгтэйчүүдийн дуу хоолой, оролцоо, манлайлал онцгой үүрэгтэй бөгөөд Та бүхний санал, санаачилга чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улс “энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт” гадаад бодлогыг тууштай баримталдаг орны хувьд аливаа улс орны түүх, соёл, соёл иргэншил, үндэсний язгуур эрх ашиг, хөгжлийн замналаас үүдэлтэй олон ургалч үзлийг хүндэтгэн үзэж, олон улсын харилцааг олон тулгуурт зарчмаар цогцлоохыг эрмэлздэг.
Тиймээс манай улс олон улсын аливаа хүндрэл бэрхшээл, үл ойлголцлыг харилцан ойлголцол, харилцан итгэлцэл, харилцан хүндлэл, яриа хэлэлцээний замаар даван туулах ёстой гэж үздэг бөгөөд үүнд энэ чуулга уулзалт зохих хувь нэмрээ оруулна гэдэгт итгэл төгс байна.
Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганаас гарах “Тогтвортой ирээдүйн төлөөх Улаанбаатарын тунхаглал” нь охид, эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоо, байр суурийг улам бэхжүүлнэ.
Энэ тунхаглал Бээжин хотноо 1995 онд баталсан “Үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн амлалтын хэрэгжилтийг хангах, Нью-Йорк хотноо удахгүй зохион байгуулах “Ирээдүйн асуудлаарх дээд түвшний чуулга уулзалт”-д дэмжлэг болно гэдэгт итгэлтэй байна.
Эрхэм хүндэт эмэгтэйчүүд, эмэгтэй удирдагч, манлайлагчид Та бүхний даян дэлхийн энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх их үйл хэрэгт өндөр амжилт хүсье.
Мөнх хөх тэнгэрийн орон манай сайхан улсад хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт эмэгтэй манлайлагчид Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе”.
Энэ удаагийн чуулга уулзалт 1995 онд Бээжин хотноо болсон Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрөвдүгээр бага хурлаас хойш Ази тивд болж байгаа хамгийн өргөн цар хүрээтэй уулзалт юм.
2022 онд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, энх тайван ба аюулгүй байдал” сэдэвт олон улсын энхийг сахиулагч эмэгтэйчүүдийн бага хуралд 30 гаруй орны энхийг сахиулагч эмэгтэйчүүд оролцсон.
Мөн өнгөрсөн онд Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Ази тивдээ анх удаа зохион байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилтуудыг ханган хэрэгжүүлэх, түүн дотроо жендерийн эрх тэгш байдлыг хангах, дэлхий дахины өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн манлайлал, оролцоог нэмэгдүүлэхэд өөрийн хувь нэмрээ орууллаа.
Монгол Улс жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн манлайллын чиглэлээр бүс нутаг төдийгүй олон улсын түвшинд идэвх, санаачилгатай ажилладаг, дэлхийн орнуудын анхаарлыг татаж буй орны тоонд ордог юм.