Цаг үеийн мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад оролцож буй НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Амина Мохаммедыг хүлээн авч уулзлаа.

Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт нь жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрхийг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд хүрэх олон улсын хамтын нийгэмлэгийн хүч чармайлт, эрмэлзлийн нотолгоо гэдэгт талууд санал нэгдлээ.

Уулзалтын үеэр Монгол-НҮБ-ын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, өнгөрсөн 60 гаруй жилийн хугацаанд хүрсэн ололт амжилтыг бататгах, шинэ агуулга, чиглэлээр баяжуулах талаар санал солилцлоо.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-тай хөгжүүлж буй харилцаа, хамтын ажиллагаанд тэргүүлэх ач холбогдол өгч, тус байгууллагын хүрээнд дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийн төлөөх хүч чармайлтад хувь нэмэр оруулахыг эрмэлзэж ирснийг тэмдэглэлээ. Мөн Монгол Улсын дэвшүүлсэн санаачилгуудын үр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө НҮБ-тай үргэлжлүүлэн нягт хамтран ажиллахаа нотлов.

Бүс нутаг, олон улсын өмнө тулгарч буй сорилт бэрхшээлийг шийдвэрлэх, НҮБ-ын хөгжлийн үйл ажиллагаа, энхийг сахиулах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг өндрөөр үнэлдгээ НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч А.Мохаммед илэрхийлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийн төлөө буйгаа онцоллоо.

А.Мохаммед нь НҮБ-ын түүхэнд Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчийн албыг хашиж байгаа хоёр дахь эмэгтэй юм.

Таны сурталчилгаа