“Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-ын хүрээнд зохион байгуулж буй “Манлайллын 17 төрх” гэрэл зургийн үзэсгэлэнг Чингис хаан Үндэсний музейд нээлээ.
НҮБ 2022 оноос эхлэн Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэлхийн эмэгтэйчүүдийн оруулж буй хувь нэмрийг харуулсан цуврал үзэсгэлэнг зохион байгуулж байгаа. Цуврал үзэсгэлэнг зохион байгуулах орны нэгээр манай улс шалгарсан билээ. Иймд НҮБ-ын Женев дэх төв, Швейцарын Эмэгтэйчүүдийн нийгэмлэгтэй хамтран салбар салбартаа манлайлсан 17 эмэгтэйг онцлон, гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэж байгаа юм.
Үзэсгэлэнг нээж Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг хэлэхдээ, “Гэрэл зургийн энэ үзэсгэлэн нь өөрийн ажил мэргэжил, салбартаа манлайлагч, бүхий л насны 17 эмэгтэйн хийж бүтээсэн ололт амжилт, нийгэмд оруулсан хувь нэмрийг үнэлж, алдаршуулах зорилготой. Хөрөг бүр энгийн нэгэн зураг бус тэдний тэсвэр тэвчээр, хичээл зүтгэл, туулж өнгөрүүлсэн амьдралын түүхийг гэрчилдэг. Түүнчлэн, энэ эмэгтэйчүүд нь НҮБ-аас дэвшүүлсэн Тогтвортой хөгжлийн 17 зорилгын хүрээнд хамтдаа хичээснээр илүү сайхан ертөнцийг бүтээж болдгийг ажил хөдөлмөрөөрөө харуулж байгаа хэрэг” гэв.
Мөн НҮБ-ын Женев дэх төвийн Ерөнхий захирал Т.Волавая “Эдгээр манлайлагч 17 эмэгтэйн оруулж буй хувь нэмэр нь жендерийн тэгш байдал бол хүний үндсэн эрх төдий бус тогтвортой энх тайван, хөгжлийн чухал суурь болж байгаа”-г онцолсон юм.