Цаг үеийн мэдээ

Даланзадгад сумын ЗДТГ-аас "Дэвшилтэт-Даланзадгад" хөтөлбөрийн хүрээнд ХӨСҮТ-тэй хамтран үе шаттай төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна.

Хамтын ажиллагаагаар Өмнөговь аймгийн БОЭТ-д хавдрын төрөлжсөн нарийн мэргэжлийн элэг, цөс, нойр булчирхай, толгой хүзүү, эмэгтэйчүүд, хөхний хавдрын мэс заслын зөвлөх эмчийн үзлэг, хөхний маммографи оношилгоо, эсийн шинжилгээ, эмгэг судлалын шинжилгээ, хөхний эхо, бамбайн эхо, дүрс оношилгоо, хоол боловсруулах замын дуран, хавдрын эмчийн хяналт гэх мэт эмчилгээ, үйлчилгээг  үзүүлэх юм.

Түүнчлэн эрсдэлт бүлгийн хүн амын дунд зарим төрлийн мэс засал эмчилгээ хийх, хорт хавдрын хяналтын өвчтнүүдэд нарийн мэргэжлийн арга зүйн зөвлөгөө өгч эмч, сувилагч нарт ажлын байрны дагалдан сургалтыг хийхээр төлөвлөжээ. 

Мөн иргэдэд "Хорт хавдар эдгэрдэг өвчин", "Элэг бүтэн, эрүүл амьдрал-Эрт илрүүлэг" зэрэг сэдвээр хавдраас урьдчилан сэргийлэх сургалт, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулах юм.

Хавдрын нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт Даланзадгад сумын иргэд наймдугаар сарын 23-ны өдрийн 10:00-12:00, 14:00-17:00 цаг хүртэл, наймдугаар сарын 24-нд 09:00-12:00, 14:00-17:00 цаг хүртэл хугацаанд үзлэг, оношилгоонд хамрагдана.

Үндэсний хавдар судлалын төвөөс Элэг, цөс, нойр булчирхайн  мэс заслын зөвлөх эмч, Монгол улсын гавьяат эмч, Анагаах ухааны доктор Ж.Чинбүрэн, Хими эмчилгээний тасгийн эрхлэгч, Хавдар судлалын тэргүүлэх эмч Я.Замбалгарав, ХБНГУ-ын эмч, Эмэгтэйчүүд, хөхний хавдрын мэс заслын зөвлөх эмч,  доктор, профессор У.Куллмер тэргүүтэй эмч мэргэжилтнүүд хүрэлцэн ирж ажиллана.

 

Таны сурталчилгаа