Цаг үеийн мэдээ

2024 он гарсаар улсын хэмжээнд мал, амьтны гоц халдварт өвчний 101 голомт бүртгэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар мал, амьтны гоц халдварт өвчний улмаас нийт дөрвөн аймгийн таван сумын таван голомтод хорио цээрийн дэглэм, нэг аймагт хязгаарлалтын дэглэм хэрэгжиж байна.

Тиймээс тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нийслэлийн Засаг даргын захирамж энэ сарын 7-нд гарсан. Энэ хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо,  хүн олноор үйлчлүүлдэг зах худалдааны төвүүдэд хяналт шалгалт тавин ажиллаж байна. Малын гоц халдварт өвчин нь малаас малд, хүнээр дамжиж малд, тээврийн хэрэгслээр дамжиж халдах эрсдэлтэй байдаг тул хөдөө орон нутгаас мал, малын гаралтай түүхий эдийн бүтээгдэхүүн худалдан борлуулалтад хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллаж байна.

Өнөөдөр НОБГ, ЗӨСҮТ болон НБОГ-ын холбогдох мэргэжилтнүүд хяналт шалгалт болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өглөө.

Энэ оны долоон сарын байдлаар Улаанбаатар хотод тарваганы мах худалдан авсан болон тээвэрлэсэн нийт 524 зөрчлийг илрүүлжээ.

НОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Д.Оюунбат “Дээрх НЗД-ын захирамж наймдугаар сарын 15-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өнөөдрийг хүртэлх  хугацаанд Баянзүрх, Багануур, Багахангай, Налайх, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх авто тээврийн шалган нэвтрүүлэх 10 товчоо, маршрутын бус замуудад Экологийн цагдаагийн алба, Нийслэлийн Онцгой байдал, нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Мал эмнэлгийн газар, Тээврийн цагдаагийн албанаас 24 цагаар хяналт, үзлэг шалгалт явуулж байна. Шалгалтын хугацаанд 11 удаагийн үйлдлээр 18 ширхэг тарваганы мах илрүүлж, хууль хяналтын байгууллага шалгаж байна” гэв.

ЗӨСҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд Тандалт шуурхай удирдлагын албаны дарга Л.Роломжав “ЗӨСҮТ-ийн тандалт судалгааны мэдээллээр 15 аймгийн 75 сум тарваган тахлын өндөр идэвхтэй байна гэх мэдээлэл гарсан. Сүүлийн 10 гаруй жилд манай улсад тарваган тахлын 23 тохиолдол бүртгэгдэж 9 хүн нас барсан” гэдгийг хэлж байв.

Таны сурталчилгаа