Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн ажлын албаны даргаар О.Сийлэгмааг томилж, уг санг илүү ил тод болгож, хүнээс хамаарсан байдлыг бууруулахыг даалгасан тухайгаа Боловсролын сайд П.Наранбаяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдээлээд байна.
Өнгөрсөн Засгийн газраас хэрэгжүүлсэн шил ажиллагааны хүрээнд элдэв сангуудийн хулгай ил болсны нэг нь Боловсролын зээлийн сан юм. Тус сангаас эрх мэдэлтнүүдийн хамаарал бүхий этгээдүүд болон, зарим их хурлын гишүүд хүртэл гадаад улсад суралцах төлбөрөө төлүүлсэн ч татвар төлөгчдийн халааснаас тэглүүлсэн нь олон нийтийн бухимдлыг хүргэсэн.
Боловсролын зээлийн сангийн дуулианаар зарим их хурлын гишүүд хууль зөрчиж тэглүүлсэн төлбөрөө буцаан тушаасан байдаг.
Энэ удаагийн 126 гишүүнтэй парламентад ч мөн Боловсролын зээлийн сангаар гадны их дээд сургуульд суралцсан ч зээлээ буцаан төлөөгүй, тэглүүлсэн хэд хэдэн гишүүд байна.
Тэдний нэг нь УИХ-ын гишүүн А.Ундраа.
Тэрээр 1998 онд тухайн үеийн Гэгээрлийн яамны сайд Ч.Сайханбилэгийн тушаалаар 1998-2002 онд АНУ-ын Хойд Каролинагийн Улсын Их Сургууль, цөмийн физикчээр мэргэжил дээшлүүлж суралцаж байсан түүхтэй.
Боловсролын сангаас 32.000 долларын зээл авч суралцсан ч эргэн төлөлт хийгээгүй бөгөөд 2018 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоныхоо дараа тухайн үеийн БСШУ-ны сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/555 тоот тушаалаар зээлээ тэглүүлсэн байдаг.
Боловсролын Зээлийн Сан(БЗС)-гийн хулгайг анх илчилж шиллэн шүгэл үлээж байсан О.Сийлэгмаа энэ мэт гэрээний үүргээ биелүүлээгүй, хууль зөрчин зээлээ тэглүүлсэн эрхмүүдийн зээлийг эргэн төлүүлэхүү гэдэг нь анхаарал татаж байна. Тэрээр өмнө хууль зөрчин зээлээ тэглүүлсэн эрхмүүдийг хүүтэй нь төлөх ёстой хэмээж байсан юм.